Муухай эгч: Гоо сайхны золиосын хязгаар

Муухай эгч: Гоо сайхны золиосын хязгаар

...Үнсгэлжин, Цасангуа, Нойрсож буй гоо бүсгүй зэрэг Диснейн сонгодог үлгэрийн гүнжүүдэд нэгэн адил хэв шинж бий. Тэд бүгд үзэсгэлэнтэй.

Тэд бүгд үзэсгэлэнтэй учраас л цагаан морьтой ханхүү нар тэдэнд сэтгэл алдарч, зовлонгоос нь гэтэлгэн, амар сайхандаа жаргадаг. Тэд бүгд үзэсгэлэнтэй л учраас хорвоо дэлхийн ан амьтад хамтдаа хөгжилдөн дуулж, хулгана болжморууд хувцас гоёл урлаж өгч, шидтэнгүүд хүслийг нь биелүүлж, тэр битгий хэл дэлгэцний наана суух бид ч дээлийнх нь захыг мушгих холгүй дотроо уухайлан дэмждэг. Тэд үзэсгэлэнтэй учраас мөн сайхан сэтгэлтэй. Диснейн гүнжүүдийн энэхүү ер бусын гоо үзэсгэлэнгийн шалгуурт хэрэвзээ тэнцэхгүй бол өөдгүй, царай муутай, атаархуу, ухаан муутай хойд эгч болж дүрслэгдэнэ. Эс бөгөөс ёроолгүй шуналтай, атгаг хорон санаатай хойд эх юм уу, шулам болж хувирна. 

Эл бүгдийг үзэж, өсөж торнисон охидууд өөрсдийгөө үлгэрийн гүнж мэт төсөөлж, цагаан морьтой ханхүүгээ догдлон хүлээж, амар сайхандаа жаргахыг мөрөөднө. Гэвч цаг хугацаа өнгөрч нас нэмэгдэх хэрээр орчлонг гийгүүлэх тэрхүү ер бусын гоо үзэсгэлэн нь тэртээ холын хүршгүй оргил мэт санагдана. 

Өөрийгөө толинд харах бүртээ том дух, навтгар хамар, онигор нүд, дөрвөлжин эрүү, жижиг хөх, батгатай арьс зэрэг зөвхөн дутагдалтай талууд нь л анзаарагдаад нөгөө үлгэрийн гүнжүүдээс илүүтэй атаархуу хойд эгчтэй нь төстэй харагдана. Давхраатай алаг нүдтэй байсан ч зөвхөн навтгар хамраа л анзаарах болно. Улмаар хамраа өндөрсгөж, урууландаа филер шахуулж, духандаа ботокс хийлгүүлэн, давхраа оёулж, өөхөө соруулж арайчүү өөрийн хүссэн гоо үзэсгэлэндээ дөхөж очоод байтал………. Гоо сайхны хэмжүүр маань өөрчлөгдөж Никки Минаж, Ким Кардашиан маягийн аварга хөх бөгс нөгөө гайхал хүсэмжит ханхүүчуудын харцыг булаагаад эхэлнэ. Дахиад л бөгсөндөө BBL, хөхөндөө силикон шахуулах шаардлага тулгарав. Мөн дахиад л хамаг өөртөө хуримтлуулсан хөрөнгө мөнгө, хөлс хүч, энергиэ, эрүүл биеэ золиослон барин хүссэн хөх бөгсөө олж автал энэхүү гоо сайхны хэмжүүр маань мөн дахиад л өөрчлөгдвөл хирхэх билээ? Эмэгтэй хүн гоо сайхан явахад хэдий хэмжээний золиос шаардлагатай вэ? Энэхүү золиосонд хязгаар бий болов уу?

Олон зууны турш эмэгтэйчүүдийн мөнхийн парадокс болсоор ирсэн энэхүү асуултын хариултыг магад та найруулагч Эмилиа Блихфэлдийн дебют бүтээл “Муухай хойд эгч” киноноос олж авч ч мэдэх юм. Тэрбээр даян дэлхийн охид бүр унтахдаа сонсдог Үнсгэлжингийн үлгэрээр нь дамжуулан гоо үзэсгэлэнгийн талаар охид, бүсгүйчүүд бүрт нэгийг бодогдуулахыг зорьсон нь киноны агшин бүрт тод мэдрэгдэнэ. Бид бүгд л Үнсгэлжингийн хойд эгчийг Дисней тодорхойлсны дагуу царай муутай, эв хавгүй, атаархуу, авьяас билэггүй, эрх танхи, ухаан муутай мэтээр хүлээж авсаар ирсэн. Гэвч хоржоонтой нь хорвоо дэлхий охин бүрт Үнсгэлжин шиг шаргал үс, гоолиг бие, тэгш сайхан төрх, цээл сайхан хоолой заяадаггүй нь жам билээ. Тиймээс ч олон зуун мянган эмэгтэй Үнсгэлжин шиг төрөөгүйнхээ төлөө охин наснаасаа гадаад байдлаараа хараалгуулж, элдвээр хэлүүлж, доромж үгсээр чулуудуулсаар ирдэг.

Ер Үнсгэлжин шиг биш л бол хэдий элдэв муу санаагүй, даруу төлөв байлаа ч хойд эгч шиг нь атаархуу, өөдгүй зантай мэт л бусдад санагдана. Энэ бүхэн нь тэдний сэтгэлзүйд арилшгүй толбо үлдээж, нэг л мэдэхэд “Би Үнсгэлжин шиг л байх ёстой юм байна” гэсэн нууц код далд ухамсарт нь үүсэж эхэлдэг. Улмаар өөрийгөө засаж сайжруулахын элдэв гоо сайхны бүтээгдэхүүн, будаг шунх, иога, фитнесс, эм бэлдмэл эцэс сүүлд нь мэсийн хутгаар өөлөн цэгцэлж эхэлдэг. 

Даян дэлхийн эмэгтэйчүүд Үнсгэлжин шиг болохын төлөө зөвхөн 2025 онд 677.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ тоо ч аажмаар өсөж 2034 он 1.43 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй. Зөвхөн Монголд гэхэд л энэ онд 35 сая ам.долларыг эмэгтэйчүүд маань гоо сайхны салбарт зарцуулсан байна. 

Энэ бүх том тооноос та бид Үнсгэлжин шиг төрөөгүй нь хэнүүст илүү ашигтайг байгааг харж болно. Та өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун бус байна уу? Тийм байх нь аргагүй ээ. Учир нь таныг сэтгэл дундуур байлгах нь гоо сайхны салбарын бизнесийн моделийнх нь нэг хэсэг юм. Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун байвал гоо сайхны салбарынхнаар үйлчлүүлэх шаардлага тулгарахгүй шүү дээ. Тиймээс эмэгтэй хүн бүр “Гоо сайхан ертөнцийг аварна”, “Хувцас бурхан, бие чөтгөр” хэмээх уриа лоозонгууд сонсож, Үнсгэлжин, Цасангуа, нойрсож буй гоо бүсгүй нар л амар сайхандаа жаргадгийг дэлгэцээр харж, Холливудын алдарт эмэгтэйчүүдийн мөнхийн залуу насны нууцыг мэдэх гэж адгадаг юм шүү дээ. Гэвч Үнсгэлжин бүр хөгширнө. Энэхүү байгалийн хуулийг сөрөх хүч хүн төрөлхтөнд байхгүй билээ.

Үнсгэлжин шиг биш хирнээ яаж энэ залууг уургалж чадсан юм бол гэж та хэн нэгнийг дотроо гайхаж байсан удаа бий юу…. Энэ тань л “Beauty is in the eye of the beholder” буюу “Гоо сайхан зөвхөн харагч нэгнийхээ нүдэнд л оршдог” гэдгийн баталгаа юм. Зарим хүн Үнсгэлжин шиг нэгэнд татагддаг байхад, зарим нь хойд эгч шиг нэгэнд нь татагдах нь ч бий. Тэр битгий хэл зарим үндэстнүүдэд махлаг эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй гэж хүлээж авдаг нь ч бий. Орчлон даяараа таашаадаг туйлын гоо сайхан хэмээх ойлголт гэж байхгүй билээ. Толинд өөрийгөө хараад ямар нэгэн зүйл тань таалагдахгүй байна уу? Тэгвээс та өрөөл бусдын харцанд зориулж бус, зөвхөн өөртөө сэтгэл хангалуун, бардам байхын тулд л өөрчлөөрэй. Хэн нэгэн эрээс илүү та л өөрийгөө хамгийн их хайрлаж чадна шүү….

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.