Чимээгүй гангараа буюу Quiet Luxury

Чимээгүй гангараа буюу Quiet Luxury

Хэн бүхэнд л байдаг болов уу гэмээр элдэв логогүй, тод гэрэлтсэн өнгөгүй, хээ угалзгүй энгийн силуэт бүхий цулгуй цамцыг зарим нэгэн хүмүүс хирхэн яаж ийм эвлэгхэн хэрнээ эгэлгүй бас ихэмсэг харагдуулж чаддаг юм болов оо хэмээн гайхаж байсан удаа бий юү? Тэрхүү энгийн нэгэн цулгуй цамц эзнийхээ инээмсэглэлийг ч тодруулаад ч байх шиг, эс бөгөөс нэг л нууцлаг атлаа сэтгэл татам ихэмсэг дүрийг нь улам бүр гэрэлтүүлээд ч байх шиг… Хэн бүхэнд байдаг эдгээр энгийн цулгуй хувцаснууд яагаад зөвхөн бидний цөөхөн нэгэнд л ийм онцгой харагдаад байдаг юм болов оо?

Энэхүү нууц нь quiet luxury буюу чимээгүй тансаглалд оршино. Чимээгүй тансаглал нь өөрсдийн гоо зүйг маш даруу, дөлгөөнөөр илэрхийлж, логогоор нүдэж, өнгө будаг холилдсон нүсэр хийцээс илүү материал, хийц, оёдол эсгүүрийн төгс гүйцэтгэл, эмжээр, арьсанд хүрэлцэх хэсэг, биений өмсгөл зэрэг жижиг деталиудад онцгой ач холбогдол өгдөгөөрөө онцлогтой. Чимээгүйхэн тансаглалахын тулд авсан цагаан сорочка тань хүний биеийн бүтцийн нарийн хэмжээс дээр тулгуурлан эсгүүр оёдлын техникийг маш нарийн чанд боловсруулж, чанартай ховор материал төдийгүй зүү утсаар эвлэгдэн бүтээгддэг тул хэдий энгийн цулгуй харагдавч үнэндээ загвар, инженерчлэлийн төгс хосолмол бүтээл байдаг учраас чамгүй үнэтэй байдаг. Тэгж байж гэмээн энэ цагаан цамцбусад адил загварын хямдхан цагаан сорочканаас тэс ондоо эрчим ялгаруулж байгаа юм. Гэвч өнөө цагт чимээгүй тансаглах нь ихэд ярвигтай болохыг доорх түүхээр тайлбарлан ойлгуулахыг хичээе.

Логоны галзуурал буюу 80-аад он

1980-иад онд дэлхийн ДНБ жил болгон 3–4 хувиар өсөж байлаа. Тэр дундаа хөгжингүй орнууд болох АНУ, Баруун Европ, Япон нь эдгээр он жилд эдийн засаг нь хамгийн их өссөн байлаа. Эдийн засаг хөгжин дээшлэхийн хэрээр шинэ баячуудын тоо ч олширч байв. Дөнгөж дундаж давхаргаас хүч түрэн орж ирсэн шинэ баячууд өөрсдийгөө баян болсон гэдгээ нийгэмд батлан тунхаглах шаардлага үүсэв. Энэхүү эрэлт хэрэгцээг томоохон брэндүүд овжин ашиглаж бүтээгдэхүүндээ өөрсдийн лого тэмдгээ түлхүү тусгах болов. Учир нь тэдгээр үнэтэй брэндийн лого нь өөрийн нийгмийн байр суурь, бэл бэнчинг гайхуулах баталгааг шинэхэн баячуудад олгож байсан юм. Нөгөөтэйгүүр, MTV суваг 1981 онд цацагдаж эхэлснээр дэлхийн поп соёлд хувьсгал гарч, үнэтэй брэндүүд А зэрэглэлийн одуудтай хамтран ажиллах нь ихэссэнээр зөвхөн шинэхэн баячуудад ч бус, жирийн ард иргэдэд ч өөрсдийн маркетингаа хүргэх боломжтой болов. Улмаар хүн бүр л үнэтэй брэндийн лого бүхий хувцас, эдлэлээр чамирхахыг хүсэх болж, хуурамч хуулбар загварууд ч загварын зах зээлд эрчийг авч нэг ёсондоо “logo mania” буюу логоны галзуурал хэмээх үзэгдэл гарч ирэв. Баян ч бай, ядуу ч бай хүн болгон л ямарваа нэгэн жинхэнэ эс бөгөөс хуурамч логонуудыг өөрийн хувцас хэрэглэл дээрээ залан тунхаглаж байв. Эндээс чимээгүй тансаглалын эх үүсвэр тавигджээ. Логоны галзуурал гэх мэт ямарваа нэгэн нийгмийн хөдөлгөөн хүчтэй өрнөхөд түүний эсрэг хөдөлгөөн ч дагаж үүсдэг нь жам билээ. Hermes, Loro Piana зэрэг брэндүүд энэхүү лого галзууралд авталгүйгээр өөрсдийн загварын бүтээгдэхүүний чанар, хийц, материалд түлхүү анхаарсан бүгдийн нүдэнд бус, зөвхөн цөөнх чанарыг эрхэмлэгч хэсэг бүлэгт зориулан гаргаж байлаа.

2008 он буюу чимээгүй тансаглалын чимээгүй цэцэглэл

2008 он болбаас дээрхээс эсрэгээрээ, дэлхийн санхүүгийн хямралын он жил байлаа. Эдийн засаг муудахын хэрээр ард түмний амжиргаа ч даган муудаж, элдэв ганган лого бүхий хувцас эд хэрэглэлд мөнгөө зарцуулахаас илүүтэйгээр өөрсдийн анхдагч хэрэгцээнд л анхаардаг болов. Баячууд ч энэхүү хямралын шуурганд өртөж хувцас хэрэглэл сонгохдоо аль болох удаан хэрэглээтэй, чанар хийц сайтайг нь сонгож эхэллээ. Хэдийгээр баячууд логогоор нүдсэн, нүсэр загвартай хувцас өмсөж болох байсан ч ингэх нь хямралын он жилүүдэд ард түмний сайшаал хүртэхээсээ илүүтэй зэвүүцэл төрүүлж мэдэх мэдрэмжгүй үйлдэл байв. Мөн л томоохон брэндүүд энэхүү загварын хэрэглээний өөрчлөлт хувьслыг анзаарч, логоноос илүү бүтээгдэхүүний чанар хийцлэлд түлхүү анхаарч эхлэв.

Тэр дундаас аль 1980-аад оны логоны галзууралд авталгүй өөрсдийн консептоо хадгалж чадсан Hermes 2008 онд санхүүгийн хямралаас үл хамааран хөгжлийн үетэйгээ золгож Birkin цүнх нь баян эзэгтэй нарын оочер дараалал үүсгэн байж авдаг топ борлууллалттай бүтээгдэхүүн болж хувирав.

Хэдийгээр чимээгүй тансаглал энэ үеэс л эрчимтэй хөгжиж эхэлсэн боловчиг үндсэн агуулгаасаа шалтгаалж хөгжил нь ч мөн чимээгүй аядуу өрнөсөн байдаг. Харин ард түмэн өөрсдийн худалдаж авч чадах бүтээгдэхүүнээр л бусдаас ялгаран тодрох хэрэгцээгээ хангаж байлаа. Тэр ялангуяа хэний ч худалдаж авч чадах уруулын будагны илүүтэй тод улаан өнгөтэй нь л 2008 онд түлхүү зарагдаж эхэлсэн бөгөөд энэхүү үзэгдлийг lipstick effect хэмээн нэрлэсэн байдаг.

2010 оноос өнөө үе: чимээгүй тансаглалын хашгираант он жилүүд

2008 оны хямралтай холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэв маягт минимализм зонхилж эхлэв. Энэ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигтай бизнесийн модел үүсгэж, элдэв чамин хээ угалз, лого тэмдэг урлахад цаг хугацаа, материал, техник технологи гарздахын оронд геометрчилсэн энгийн шулуун дүрстэй бараанууд үйлдвэрлэх нь хавь илүү хэмнэлтийг бизнес эрхлэгчдэд олгож байлаа. Үүнтэй залгуулаад цахим сүлжээ газар авснаар микро трэнд буюу 7,7 хоногийн настай трэндүүд гарах нөхцөл бүрдлээ. Чимээгүй тансаглал чимээ аниргүйхэн хөгжиж өдийг хүрсэн ч аажмаар чимээ орж, 2020 он гарахтай зэрэгцэн quiet luxury гэдэг нэр томьёо үүстэлээ загварт хорхойтой хэн болгоны амны уншлага болов. Улмаар 2024 онд чимээгүй тансаглал оргилдоо хүрч 80-аад оны логоны галзууралтай адил чимээгүй тансаглалын хашгираант он жилүүд эхэлсэн билээ. Уул шугамандаа чимээгүй тансаглалын үндсэн агуулга нь бүтээгдэхүүний чанар, хийцлэлд түлхүү анхаарах ёстой байтал масс үйлдвэрлэгч брэндүүд хямд төсөр аргаар үйлдвэрлэсэн чанар муутай энгийн загварын бүтээгдэхүүнүүдээ чимээгүй тансаглал хэмээн сурталчлан борлуулж эхэлснээр чимээгүй тансаглал чимээгүй байхаа эгнэгт больжээ.

Өнөө цагт моод арай ч Монголоор дуусчихдаггүй ч, дэлхийтэй яг энэ зэрэгцэн алхаж бас арай л чаддаггүй. Тэр ч утгаараа чимээгүй тансаглал нь 2024 онд оргилдоо хүрэн өдийд шуугиан нь намжаад эхэлсэн ч өдгөө дөнгөж л Монголын загварын салбарын үүд хаалгыг тогшиж эхэлж байна. Монгол дахь загварын нөлөөлөгчүүд quiet luxury хэмээх загварын энэхүү нэр томьёог одооноос л тайлбарлаж эхлэж байгаа ч жишээ болсон оддыг дурдахдаа Стив Жобс, Марк Зукерберг, Элон Маск зэрэг эрхмүүдийг оруулах нь вий. Эдгээр баян эрхмүүд энгийн хэрнээ чанар хийц сайтай хувцас өмсдөг ч Vogue сэтгүүл хэзээ ч хамгийн загварлаг нэгнээр тодруулахгүй, өөрсдөө ч хүсэхгүй нь мэдээж юм.

Чимээгүй тансаглал нь загварын нэр томьёолол учраас зөвхөн энгийн харагдах нь хангалтгүй, нэмээд заавал загварлаг байх ёстой юм. Чимээгүй тансаглалын жишээ болсон одууд гэвэл Гвинет Пэлтроу, Меган Маркл, Олсений эгч дүүсийг дурдаж болно.

Мөн чимээгүй тансаглалыг илүү сайн мэдрэхийг хүсвэл “Succession” цувралыг үзэхийг миний зүгээс санал болгож байна. Гэвч хэрвээ та загварын сүүлийн үеийн трэндээс хоцрохгүйг хичээдэг нэгэн бол quiet luxury Монголд хэдий дөнгөж орж ирж байгаа ч дэлхийд бол аль хэдийн хариад эхэлчихсэн трэнд тул магадгүй зөв сонголт биш байж мэдэх юм. Харин та аливаа трэндээс үл хамааран хувцас, эд хэрэглэл чанар, хийцлэлд анхаарахыг хүсдэг нэгэн бол чимээгүй тансаглал нь өөрийг тань илэрхийлэх төгс сонголт болно гэдэгт туйлын итгэлтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.