Хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг эрчүүд эрүүл бие, саруул ухаантай байдаг

Хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг эрчүүд эрүүл бие, саруул ухаантай байдаг

Манай улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77 байгаа бол эрэгтэйчүүдийнх 68 байна. Мөн амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаас хавьгүй өндөр байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад долоо дахин их байна. Нэг үгээр хэлбэл, эрэгтэйчүүдийн биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэнд тулгамдсан асуудал болжээ.

Нөгөө талд, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орноо цэвэрлэх, хоол хийх зэрэг асрахуйн ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их цаг зарцуулдаг. Энэ бүхэн зөвхөн Монголын ч асуудал биш юм. Дэлхий даяар эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү хөдөлмөр эрхэлж байгаа ч хүүхдүүдээ өсгөх, хөгшин настай эцэг эхээ асрах ажлын дийлэнхийг үүрч байхад эрэгтэйчүүд зөвхөн гэрээс гадуурх ажилдаа илүүтэй анхаарч байна. Тэгвэл эрчүүд маань хүүхэд асран хүмүүжүүлэхэд эмэгтэйчүүдтэй эн тэнцүү оролцоод эхэлбэл яах бол? Ээжүүд, хүүхдүүдэд ашигтайгаас гадна эрэгтэйчүүдийн өөрсдийнх нь эрүүл мэндэд тустай аж. Энэ тухай Клиникийн сэтгэл зүйч, “Аавын тархи: Эцэг байх шинжлэх ухаан ба энэ нь эрчүүдийн амьдралыг хэрхэн өөрчилдөг тухай” номын зохиогч Дарби Саксбе Нью-Йорк Таймс сонинд нийтэлсэн өгүүллээс зарим хэсгийг орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.

Тэрбээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Өмнөд Калифорнийн их сургуулийн дэргэдэх судалгааны төвд аав болох нь эрчүүдийн тархи, бие махбод, эрүүл мэнд, харилцаанд хэрхэн нөлөөлдгийг судалж иржээ.

Хүүхдээ асран хүмүүжүүлэхэд идэвхтэй оролцдог аавууд ээжүүдийн ачааллыг хөнгөвчилж, хосын харилцааны сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд зогсохгүй эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэл гутралын эрсдэлийг бууруулдгийг судалгаагаар хэдийнэ тогтоосон. Тэгвэл энэ бүхэн эрчүүдэд өөрсдөд нь ч ашигтай байдгийг Дарби Саксбегийн судалгаа тодорхойлжээ. “Тархины эрүүл мэнд, сэтгэцийн чадамжийн хувьд аав болох нь таны хийж чадах хамгийн сайн зүйлсийн нэг юм” хэмээн тэрбээр онцолсон байна. Ингээд түүний “Аавын гэдэс бүрийн цаана эрүүл тархи байдаг” гарчигтай нийтлэлийн онцлох хэсгүүдийг хүргэе.

АНУ-д сүүлийн хэдэн үеийн хугацаанд эрчүүдийн хүүхэд асрахад зарцуулдаг цаг дөрөв дахин нэмэгдсэн аж. Аавуудын хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хэдэн арван жилийн турш бага багаар, тогтвортой өссөн ч цар тахал энэ өөрчлөлтийн хувьд эргэлтийн цэг болжээ. Олон аавыг хүүхдүүдтэйгээ өдөр тутам илүү ойр харилцахад хүргэсэн тэр үеэс хойш өнөөдөр ч энэ хандлага хадгалагдсан хэвээр байна.

Гэхдээ аавуудын хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх туршлага боловсрол, нийгмийн давхаргаар ялгарч байгаа аж. Дээд боловсролтой аавууд хүүхэд хүмүүжүүлэхэд илүү их цаг, эрч хүч зарцуулж байгаа бол коллежийн боловсролгүй аавуудын хүүхэдтэйгээ өнгөрүүлэх хугацаа 2003 онтой харьцуулахад бага зэрэг буурчээ. Ялангуяа хүүхдэд ном уншиж өгөх, тоглох, ярилцах зэрэгт энэ ялгаа илүү тод харагддаг байна.

Гэр бүлийн эрүүл харилцаа эрчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмждэг. Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн судалгаануудын нэг болох Харвардын Насанд Хүрэгчдийн Хөгжлийн Судалгаа ч үүнийг баталжээ. 50 настайдаа гэр бүл болон хамт олонтойгоо харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байсан эрчүүд насан өтөлсөн хойноо илүү эрүүл биетэй байсныг судлаачид тогтоожээ.   

Шинээр гарч буй судалгаанууд аав байх нь нас ахихын хэрээр эрчүүдийн тархийг хамгаалдаг болохыг харуулж байна.

Судлаач Анн-Мари де Ланж болон түүний хамтрагчид Их Британийн мянга мянган хүнийг судалж, хүүхэдтэй хүмүүсийн тархи дунд болон ахимаг насандаа илүү залуу харагддаг болохыг тогтоосон байна. Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачдын хийсэн өөр нэг судалгаагаар ч хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи хүүхэдгүй хүмүүсийнхээс илүү залуу харагддаг болохыг баталжээ. Хоёр хүүхэдтэй эрчүүдийн тархи хүүхэдгүй үеийнхнээсээ дунджаар 0.6 жилээр, гурван хүүхэдтэй эрчүүдийн тархи 0.7 жилээр залуу байв. Энэ нь долоо хоногт 2.5 цаг дасгал хийхтэй дүйцэх хэмжээний үр дүн юм байна.

Өөр нэг судалгаагаар олон хүүхэдтэй хүмүүсийн тархины хэсгүүд хоорондоо илүү идэвхтэй харилцаж байгааг тогтоожээ. Ялангуяа мэдрэхүй, хөдөлгөөн болон ой санамжтай холбоотой хэсгүүдийн холболт илүү хүчтэй байсан нь хүүхэд асрах үйл ажиллагаатай холбоотой байж болох юм.

Сонирхолтой нь, хүүхэдтэй хүмүүсийн танин мэдэхүйн ашиг тус аавуудад ээжүүдээс ч илүү байж магадгүйг харуулсан судалгаа нэмэгдсээр байна. Их Британид хийсэн нэг судалгаанд хүүхэдтэй эрчүүд танин мэдэхүйн таван төрлийн шалгуурын бүгдэд нь хүүхэдгүй эрчүүдээс илүү өндөр оноо авчээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд үр дүн нь холимог байсан аж. Энэ нь аавууд хүүхэд хүмүүжүүлэх үйл явцаас илүү их таашаал авч, илүү сэтгэл ханамжтай байдаг гэсэн бусад судалгаатай нийцдэг. Аавууд хүүхдүүдтэйгээ тоглох зэрэг хөгжилтэй хэсэгт илүү оролцож, ээжүүд өдөр тутмын уйтгартай ажлыг ихэвчлэн хариуцдагтай ч холбоотой байж болох юм. Гэхдээ энэ байдал ч мөн өөрчлөгдөж буй.

Эрчүүд зөвхөн хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлээд зогсохгүй тэднийг хооллох, усанд оруулах, хувцаслах зэрэг өдөр тутмын асаргаанд илүү их оролцож эхэлжээ. 1982 онд Их Британийн аавуудын 43 хувь нь нэг ч удаа хүүхдийн живх сольж үзээгүй байсан бол 2010 онд АНУ-д хийсэн  судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй аавуудын 90 хувь нь живх солих зэрэг ажилд долоо хоногт хэд хэдэн удаа оролцдог болсон байх жишээтэй.

Мэдээж хүүхэд асрах өдөр тутмын ажилд илүү оролцох тусам аавууд хүүхэд хүмүүжүүлэхийн хүнд талуудыг ч илүү мэдэрч эхэлдэг. Шинэ аавуудад сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдэг илрэх магадлал нийт эрчүүдийн дундажтай харьцуулахад өндөр байдаг. Нойр дутуу явах, жин нэмэх зэрэг бие махбодид илрэх нөлөө ч бий. (“Аавын гэдэс” үнэхээр байдаг.) Эцэг байхын урт хугацааны үр шимийг хүртэхийн тулд эхлээд тэр хүнд үеийг даван туулах шаардлагатай гэсэн үг.

Гэтэл өнөөдөр зарим эрчүүд гэр бүлийн амьдралаас бүрмөсөн татгалзаж байна. 1980 онд АНУ-д 40 настай эрчүүдийн ердөө зургаан хувь нь хэзээ ч гэрлээгүй байсан бол 2021 он гэхэд энэ үзүүлэлт 25 хувьд хүрчээ. Залуу хосууд хүүхэдтэй болох цагаа хойшлуулж, эсвэл эцэг эх болохоос татгалзаж байна. АНУ-д төрөлтийн түвшин сүүлийн хагас зуун жилийн турш буурсаар өнгөрсөн жил түүхэн доод хэмжээндээ тулжээ.

Өөрийгөө төгс болгох, фитнессээр хичээллэх, ажлын бүтээмжээ дээд хэмжээнд хүргэхийг сурталчилдаг өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүд илүү ихийг алдаж байж ч мэдэх юм. Урт наслах, эрүүл байхад аав байх нь ямар ашигтайг харуулсан судалгаанууд үүнийг гэрчилнэ.

Хүүхдээ халамжилж сурахын хэрээр аавууд бусдыг ойлгох сэтгэлээ хөгжүүлж, тархиа дасгалжуулж, хамт олон болон нийгэмдээ хэрэгтэй ур чадваруудыг бий болгож байдаг. Эцсийн дүндээ сайн аавын шинж чанарууд бол сайн эр хүний шинж чанарууд шүү дээ. Хүч чадалтай, бага балчир, сул дорой нэгнийг хамгаалах чадвартай, сургахын зэрэгцээ сонсож чаддаг, үлгэрлэн манлайлдаг, хүнд саад бэрхшээлийг даван туулж, тууштай байдаг хүмүүс бол аавууд.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.