20-р зууны эхэн үед Америк улсад төрөх нь өнөөдрийнхөөс тэс өөр байлаа.
Тухайн үед эмнэлэгт төрөх эмэгтэйчүүдэд “twilight sleep” буюу төрөлтийн үеэр ухаан алдуулах эм хэрэглэх нь элбэг байв. Эмэгтэйчүүд мансуурлын нөлөөгөөр тийчэлж, эсэргүүцэх үед төрөх ортой нь хүлэх үе ч бий. Тэдний өмнөөс дуугарах гэр бүлийн хүн төрөх өрөөнд байхгүй, өөрсдөө ч энэхүү үйл явцад эрүүл ухаанаар оролцох боломжгүй. Зөвхөн эмийн нөлөө, самуурсан мэдрэмж, эцэст нь өөрөө төрүүлснээ ч санахгүйгээр нярай хүүхэд тэвэрч үлддэг байв.
Өнөөдөр бид тэр үеийг эргэн санахдаа жихүүцдэг. Ийм практикийг хэрхэн хэвийн зүйл гэж үздэг байсныг төсөөлөхөд ч бэрх.
Заримдаа ач охид маань өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоо цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээнд хэрхэн ханддаг байсныг эргэн харахад яг ийм мэдрэмж төрөх болов уу гэж боддог юм.
Төрөх үед нь ухаан алдуулж байсан эмэгтэйчүүдийн адил цэвэршилтийн үеийг туулж буй эмэгтэйчүүд өнөөдөр ч хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээ авч чадахгүй байна шүү дээ. Хэвийн үзэгдэл болсон нэгэн дүр зургийг төсөөлөөд үзье. Улам хүндэрч буй шинж тэмдгүүдээсээ болж зүдэрсэн эмэгтэй эмчийн өрөөнд орж ирнэ. Нойр нь хулжсан, үе мөч нь өвдсөн, зүрх нь дэлссэн, ой санамж нь муудсан гээд тоочиж болно. Гэвч эмчийн өрөөнөөс ямар ч оношгүй, эмчилгээгүй, тодорхой хариулт, төлөвлөгөөгүй гарах нь элбэг.
Магадгүй та ийм эмэгтэйг мэддэг байх. Магадгүй та өөрөө ч ийм зүйлтэй нүүр тулсан байх.
АНУ-д 40-өөс дээш насны гурван эмэгтэй тутмын нэг нь цэвэршилтийн хүнд шинж тэмдэг мэдэрдэг бөгөөд эдгээр нь өдөр тутмын амьдралын чанарыг нь доройтуулах хэмжээнд хүрдэг. Зарим эмэгтэй гүн сэтгэл гутралд өртдөг бол зарим нь нойргүйднэ. Эдгээр шинж тэмдгийг үүсгэж буй дааврын өөрчлөлтүүд зүрх судасны өвчин, ясны сийрэгжилтээс эхлээд хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ихэнхдээ энэ бүхэн эмэгтэй хүний амьдралын хамгийн ачаалалтай үед тохиолддог. Ажил мэргэжлийн оргил үедээ, хүүхдүүдээ өсгөж, хөгширч буй эцэг эхээ асарч байхтай нь давхцдаг. Түүнээс хамааралтай бүхэл бүтэн хүрээлэл бий. “Mayo” клиникийн тооцоолсноор цэвэршилттэй холбоотой шинж тэмдгүүд АНУ-д жил бүр 26 тэрбум ам.долларын эмчилгээний зардал болон ажлын бүтээмжийн алдагдал үүсгэдэг байна.
Гэсэн ч АНУ дахь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ердөө дөрөвний нэг нь л шинж тэмдгүүдээ илааршуулах эмчилгээ, тусламж авч байгаа юм. Олонх нь үе мөчний өвдөлт, дэлссэн зүрх, орж гарах ой санамжтайгаа эвлэрч, тэсэж, дахин нэг нойргүй шөнийг өнгөрүүлсэн хэвээр үлдэж байна. Эрүүл мэндийн тогтолцоо тэдний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.
Цэвэршилтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхлэх үед энэ тухай эмчтэйгээ ярилцаж, тэдгээрийг хэрхэн зохицуулах боломжуудыг нэхэж шаардах үүрэг миний өөрийн санаачилга дээр үндэслэж байв. Би чинь чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө 25 жилийн турш ажилласан туршлагатай хүн шүү дээ. Гэсэн ч мэдэхгүй зүйл маш их байлаа.
Зарим шинж тэмдгийг эмчлэхгүй орхивол урт хугацааны ноцтой үр дагаварт хүргэдгийг би мэдэж авсан. Тухайлбал, нойргүйдэл нь танин мэдэхүйн чадварыг бууруулах эсвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин дааврын өөрчлөлтүүд нь зүрхний өвчний шалтгаан болох магадлалтай. Энэ үе шатанд эмэгтэй хүн ямар тусламж үйлчилгээ авахаас түүний амьдралын цаашдын замнал шалтгаална гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ээжүүдийн маань үеийнхэн дуугүй өнгөрүүлсэн энэ асуудлын талаар өнөөдөр эмэгтэйчүүд ил тод ярьж эхэлсэн үед амьдарч байгаадаа би баярладаг. Гэхдээ харилцан ойлголцол нь тогтолцооны өөрчлөлтийг орлож чадахгүй. Тиймээс ч би эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлд хийж буй ажлаа өргөжүүлж, дунд нас болон цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээнд ихээхэн хөрөнгө оруулахаар шийдсэн билээ. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан санхүүжилт маань 600 сая ам.доллараас давах юм.
Эмэгтэйчүүдийн эрх дэлхий даяар дайралтад өртөж, жирэмслэлт болон төрөлтийн үеэр хэт олон эмэгтэй амь насаа алдаж буй энэ үед би нөхөн үржихүйн болон эхийн эрүүл мэндийн төлөөх ажлаа үргэлжлүүлэн тууштай дэмжсээр байна. Пүрэв гарагт олон нийтэд танилцуулсан санхүүжилтэд эдгээр асуудалд чиглэсэн нэмэлт хөрөнгө ч багтсан (орч. 2026 оны зургаадугаар сарын 4-ний Пүрэв гарагт Мелинда Френч Гейтс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд 250 сая ам.долларын хандив өгөхөө зарласан юм).
Бид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө тал талаасаа зэрэг тэмцэх хэрэгтэй.
Манай нийгэм цэвэршилт болон цэвэршилтийн өмнөх үеийг хэрхэн ойлгож, хандаж буй байдал эмэгтэйчүүдийг удаан хугацаанд хоёрдугаар зэрэгт тавьж ирсэн эрүүл мэндийн тогтолцооны гүн гүнзгий доголдлыг харуулдаг.
Судалгаанаас үзэхэд, Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн резидент хөтөлбөрүүдийн гуравны нэгээс ч бага хувь нь цэвэршилтийн талаар ямар нэг сургалт багтаасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн бие махбодыг судалж мэргэшсэн эмч нар хүртэл бид бүгдийн зайлшгүй туулдаг энэ биологийн үе шатыг давахад шаардлагатай мэдлэг, ур чадвараар дутаж байна.
Сургалтын хомсдолоос гадна эмчилгээ болон мэдлэгийн асар том хоосон орон зай бий.
Өнөөдрийн байдлаар цэвэршилтийн шинж тэмдгийг зохицуулах хамгийн үр дүнтэй арга гэж тооцогддог дааврын эмчилгээг АНУ-ын цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн тав хүрэхгүй хувь нь л хүртэж байна.
Цэвэршилт нь ясны, зүрхний, тархины эрүүл мэндэд нөлөөлдгийг аль хэдийнэ тогтоосон. Харин эдгээр эрсдэлээс эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалах талаар хангалттай мэдлэг бидэнд алга.
Тиймээс бидэнд цэвэршилтийн хувьсгал хэрэгтэй.
Үүний эхлэл мэдээж илүү сайн сургалт байх ёстой. Цэвэршилтийн талаарх мэдлэгийг эрүүл мэндийн ажилтнуудын анхан шатны болон тасралтгүй боловсролын тогтолцоонд багтааснаар илүү олон эмч өвчтөнүүдээ дэмжих чадвартай болно. Анагаахын сургуулиуд болон резидент хөтөлбөрүүд цэвэршилтийн тусламж үйлчилгээг сургалтынхаа салшгүй хэсэг болгох ёстой. Мөн магадлан итгэмжлэл, лиценз олгодог байгууллагууд үүнийг заавал судлах сэдэв болгох хэрэгтэй. Энэ бүхэн зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт бус, дунд насны эмэгтэйчүүдийг эмчилдэг бүх эмч нарт хамаатай.
Бодлого боловсруулагчид, ялангуяа мужийн түвшний шийдвэр гаргагчид энэ тал дээр анхаарах шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллагууд шийдвэр гаргагчдаас сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, цэвэршилтийн эмчилгээг даатгалд хамруулах, мөн жирэмсний үед олгодогтой адил ажлын байрны хамгаалалтыг цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд олгохыг шаардах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийлгэхийн тулд ажлаасаа чөлөө авах боломжтой байх ёстой. Ингэснээр эмэгтэйчүүд эрүүл мэндээ золиослохгүйгээр ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болно.
Олон нийтэд чиглэсэн боловсролын аянууд ч мөн чухал үүрэгтэй. Ингэснээр цэвэршилтийн талаар яриа өрнүүлэхээс гадна хэн нь тусламж авч, хэн нь авч чадахгүй байгааг тодорхойлж, бүтцийн саад бэрхшээлийг арилгахад хувь нэмэр оруулна. Тухайлбал, АНУ-д цэвэршилтийн дараах насны цагаан арьст эмэгтэйчүүд өнгөт арьст эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү дааврын эмчилгээ хүртэж байгаа юм.
Эцэст нь бидэнд илүү их судалгаа хэрэгтэй.
Цэвэршилтийн үед даавар болон бие махбодод гардаг өөрчлөлтүүдийг, тэдгээрийн эмэгтэйчүүдийн амьдралд үзүүлэх нөлөөг илүү сайн судлах хэрэгтэй байна. Мөн шинэ эмчилгээ, шинэ нээлтүүдийг түргэсгэх шаардлагатай. Дэлхий даяар эрүүл мэндийн судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулж буй нэг ам.доллар тутмын ердөө таван цент нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ногддог аж.
Гэсэн хэдий ч бид ахиц дэвшлийн шинж тэмдгүүдийг харж байна. Эрүүл мэндийн ажилтнууд дааврын эмчилгээний талаар шинэчилсэн удирдамж авч эхэлсэн нь энэ эмчилгээг аюулгүй хүртэх боломжийн талаар олон жилийн төөрөгдлийг арилгахад тусалж магадгүй. Илүү олон компани цэвэршилтийн үеийн дэмжлэгийг ажилтнуудынхаа хангамжид багтааж эхэлсэн. Мөн олон муж ажлын байрны хамгаалалт болон даатгалын хамрах хүрээг хуульчлах санаачилга гаргаж байна.
Энэ бүхний төлөө өөрсдийн туршлагын талаар зоригтойгоор ярьж, илүү сайн нөхцөл шаардаж ирсэн эмэгтэйчүүдэд бид талархах ёстой. Өмнөх үеийн эмэгтэйчүүд төрөлтийн тогтолцоог өөрчилсөнтэй адил өнөөдрийн эмэгтэйчүүд сая сая хүний амьдралын чанарыг сайжруулах өөрчлөлтийн эхлэлийг тавьж байна.
Мелинда Френч Гейтс нь бизнес эрхлэгч бөгөөд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалагч юм. Тэрбээр эмэгтэйчүүд болон залуусын нийгмийн ахиц дэвшлийг хурдасгах зорилготой байгууллагуудын сүлжээ болох “Pivotal”-ыг үүсгэн байгуулсан билээ.