Нэг л улаан хослолтой хоёр сар. Мартагдашгүй төрх. Харин түүний ард юу байв?
Энэ бол загварын ертөнцөд хэвшмэл ойлголт, хэт хэрэглээг эсэргүүцсэн залуу эмэгтэйн зоригтой алхам байлаа. Марина Тестино. Түүнийг зарим нь элит загварын хүрээллийн өв залгамжлагч гэж мэддэг бол хамгийн дотнын танил нь эсэргүүцэгч, үзэл санаагаа "өмсдөг" уран бүтээлч гэдгээр нь дурсах биз.
Одоогоос 30-аад жилийн тэртээд, загварын бүтээлч агентлаг болох “ArtPartner”-ийг үүсгэн байгуулагч Жиованни Тестиногийн гэрт нийтлэлийн гол дүр Марина Тестино маань мэндэлжээ.
Өдгөө загварын оройд заларсан LVMH, “Kering”, “Richemont”, PUIG, “Prada” зэрэг загварын орднуудаас гадна “Vogue”, “Harper’s Bazaar”, “The Gentlewoman,” “Dazed”, “i-D”, “Self Service” зэрэг томоохон нэр хүндтэй, загварын сэтгүүлүүдийн медиа бүтээлч ажлуудыг хариуцан хийдэг “ArtPartner”-аар овоглосон айлд өсөж торнино гэдэг түүний хүүхэд нас ямаршуухан загварлаг диваажинд өнгөрснийг загварын хорхойтон гэлтгүй, хэнбугай нь ч төсөөлөх биз ээ.
Тэрбээр 2017 онд Нью-Иоркт Парсоны Дизайны сургуульд фэйшн маркетинг мэргэжил эзэмшиж төгсөөд ирээд загварын салбарт ажиллаж эхэллээ. Гэвч энэ үед уг салбар өөрөө байгальд орчинд ямар их хор хөнөөл учруулдаг, хэрэглэгчдийн хэтийдсэн бодлогогүй хэрэглээ бидний амьдарч буй орчинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай олж мэднэ. Угаас тогтвортой аж төрөхүйг амьдралынхаа жанжин шугам болгосон тэрбээр үүний эсрэг зогсохын үүднээс дараах гайхалтай нөлөөллийн ажлуудыг гардан гүйцэтгэжээ.
OneDressTolmdress

Аливаа нэгэн ёслол, арга хэмжээ бүрд тухайлан зориулж хувцас зүүсгэлээ сонгохоос залхсан Марина Тестино 2018 оны нэгэн өдөр өөрийн шүүгээнээсээ улаан хроматик хослолыг сонгон авч бүтэн хоёр сарын турш өдөр болгон өмссөнөөр OneDressTolmdress challenge-ийг эхлүүлжээ. Хувцас хэрэглээ гэдэг бусдын нүдэнд бус, зөвхөн өөрт зориулагдаж байх ёстойг сануулсан энэхүү сорилт инстаграмд нэлээн шуугиан тарьсан бөгөөд олон сонголт дунд төөрөхийн оронд зөвхөн нэг л сонголттой байх нь ямар их эрх чөлөө олгодгийг, мөн нэг л хувцаслалтаар ямар олон загварлаг дүр төрх бүтээж болдогийг үлгэрлэн ойлгуулжээ.
#YellowLikeALemon

2019 оны Парисын намар, өвлийн загварын долоо хоногт оролцохдоо Марино Тестино зулайгаасаа ул хүртлээ бүхэлдээ шар өнгийн хувцас, эдлэлээр өөрийгөө “хучсан” байжээ. Ингэхдээ тэрбээр дөрвөн “S”-ийн зарчмыг баримталсан байв. Simplify буюу энгийн, Second Hand буюу дахин хэрэглэсэн, Sustainably Sourced буюу тогтвортой нөөц ашигласан, Shared буюу бусдад түүнийгээ хуваалцсан байхыг тэр эрхэмлэв.
Өнгө будаг алагласан загварын салбарын цаана хөдөлмөрийн мөлжлөг, байгалийн хог хаягдал, усны тоо томшгүй хэрэглээ, дэлхийн дулаарал зэрэг олон асуудал нуугдан байдгийг гашуун нимбэгийг бүрхсэн тод шар хальсны өнгөөр төлөөлүүлэн илэрхийлэхийг Марина Тестино зорьсон бөгөөд тус загварын долоо хоног дуусахад 200 гаруй зочин, төлөөлөгч толгойноос өлмий хүртлээ шар хувцас, эдлэлээр мөн адил гоёсон байлаа.
#WeSeaThrough

Марина Тестино загварын болоод бусад салбарын хуванцар хэрэглээний хор уршгийг ойлгуулахын тулд бүтэн сарын турш өөрийн нүцгэн зургийг л инстаграмдаа постолжээ. “Нүцгэн үнэн” нэрт уг нөлөөллийн ажил нь байгальд хор хохиролтойгоор үйлдвэрлэсэн хувцасыг өмссөнөөс, нүцгэн байсан нь дээр гэх тэрслүү санааг илэрхийлж буй бөгөөд жил бүр далайд хаягдах хуванцар хог хаягдлын хор нөлөөг ойлгуулахыг зорьсон юм.

Дөнгөж л 30 насыг даваад буй түүний тогтвортой хөгжлийг уриалсан эдгээр ажлууд нь гайхалтай бүтээлч сэтгэлгээр биежсэн төдийгүй тогтвортой загвар нь огтоос уйтгартай биш гэдгийг бидэнд давхар ойлгуулж чадсан юм. Түүний ирээдүйд өөр ямар олон сонирхолтой нөлөөллийн ажлуудыг хийж, хүмүүн төрөлхтнийг хэрхэн загварлагаар, уран сайхнаар, бүтээлчээр сэхүүрүүлэн ухааруулахыг бичээч миний бие тэсэн ядан хүлээж байна. Уншигч та бүхэн ч OneDressTolmdress challenge-ийг туршин үзэж, хэтийдсэн их хэрэглээнээс үүдэх стрессгүй амьдрах нь ямар их эрх чөлөөг бидэнд олгодгийг биеэрээ мэдрээрэй.