Сонгуулийн ерөнхий хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” үзэсгэлэнг энэ сарын 25-30-ны өдөр Norphei Art Gallery-д зохион байгуулж байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын 2025 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдтэй энд ирж танилцах боломжтой.
МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од улс төрийн намын дотоод ардчиллын дөрвөн шалгуур үзүүлэлт нь оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт байдгийг нээлтийн үеэр үг хэлэхдээ сануулав. “Монгол Улс үнэхээр л ардчилсан улс юм бол улс төрийн намууд нь хариуцлагатай, нээлттэй, ил тод байх ёстой” хэмээн тэрбээр хэлээд, санхүүжилтийн асуудлыг ил тод болгож байгаа нь улс төрийн намуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавихад онцгой хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.
Улс төрийн намууд сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газар тайлагнадаг ч санхүүгийн бүрэн тайлангаа олон нийтэд ил тод байлгадаггүй байсан. Тэгвэл 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намууд жил бүр санхүүгийн тайлангаа тайлагнах үүрэг хүлээсэн билээ. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо нь намуудын санхүүгийн тайланг хянаж, дүгнэлт гаргаж, нийтэд мэдээлэх болсон. Тодруулбал, жил бүрийн тавдугаар сард багтаан өөрийн цахим хуудсанд улс төрийн намуудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайланг нийтлэх чиг үүрэгтэй билээ.
Эдгээр үзүүлэлтийг нээлттэй өгөгдөл болгоод зогсохгүй эргэлтэд оруулах нь хамгийн чухал гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр үг хэлэхдээ онцолсон юм. Үзэсгэлэн гаргах нь хамгийн хүртээмжтэй хэлбэр байсныг тэрбээр дурдаад, сэтгүүлчид болон улс төрөөр суралцаж байгаа оюутнуудад бүтээлүүдийг тайлбарлаж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа тэмдэглэв. Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг төрийн байгууллага ийнхүү анх удаагаа нээлттэй өгөгдлийн үзэсгэлэн гаргаж байгааг онцолж, дэлгэн тавьсан бүтээлүүдийг хүрэлцэн ирсэн хүмүүс шинэ санаа, өөр өнцгөөс харна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Сонгуулийн ерөнхий хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран өнгөрсөн жилийн өдийд “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” сэдэвт цахим үзэсгэлэн гаргаж байсан бол энэ жил ийнхүү биет хэлбэрээр бүтээлүүдээ дэлгэн танилцуулж байна.