Бидний өмсөж буй хувцас, зүүсгэл бүхэн зөвхөн дулаан байлгаж, нууц хэсгүүдийг далдалж, арьсыг нарнаас халхлан хамгаалж, зулгарч урагдахаас сэргийлдэг төдий юм биш. Эдгээр эргономик шаардлагаас гадна бид бүхний нийгмийн статус, хосоо татах чадвар, дотоод ертөнцийг илэрхийлээд зогсохгүй бид бүхэн ямар амьдрал туулж өдийг хүрсэн хийгээд цаашдаа ямар амьдрал руу зорьж тэмүүлж байгааг ч үнэндээ илэрхийлж байдаг. Нэг ёсондоо бидний өмссөн хувцас, зүүсгэл бүр эзнийхээ түүхийг өгүүлж байдаг юм. Тэр ч утгаараа кино урлагт хувцас дизайн нь дүрүүдийнхээ мөн чанар болоод үйл явдлын далд утга, оршин буй цаг хугацааг ч тодотгоход чухал үүрэгтэй байдаг. Жишээ болгож зарим нэг дэлгэцийн бүтээлийн хувцас дизайн нь хэрхэн дүртэйгээ холбогдож, юуг илэрхийлэхийг зорьж байгааг хамтдаа харцгаая.
Титаник
1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Атлантын далайд нэгэн гунигт явдал болсон нь хожим хойно дэлхий дахиныг шуугиулсан агуу шилээвэр дэлгэцийн уран бүтээл төрүүлэх сэжим болсон нь алдарт Жэймс Камерон найруулагчийн “Титаник” нэрт кино билээ.
Түүхэн үйл явдлыг харуулж байгаагаараа “Титаник” киноны хувцасны баг хамт олон мэдээж тухайн цаг үеийн Америк орны аж амьдрал, соёл ахуйг харуулах зорилготой тул голлох үүргийг хүлээнэ. Хэрвээ Жэк “ADIDAS”-ын пүүзтэй усан онгоцон дээр харайлгаж явбал киноны нухацтай түүх өгүүлэх чанар замхран арилах нь тодорхой. Зөвхөн цаг үеийн онцлог төдийгүй анги давхаргын ялгаа, кино зохиолын өгүүлэх санаа хийгээд дүрүүдийнхээ сэтгэлзүйг ч нарийн нягт илэрхийлж өгдөг. Киноны гол дүр Роузыг дэлгэцэнд анх яаж гарч ирдэгийг санацгаая. Тухайн цаг үеийн элитүүдийн унаа болох “Renault”-аас Роуз нил ягаан өнгийн бүрх малгайгаа өргөн, үзэсгэлэнт царайгаа гэрэлтүүлэн буудаг шүү дээ. Роузын өмссөн энэхүү хослол даашинз /suit dress/ нь дүрийнхээ хөрөнгөтөн элит гарал угсааг нь хангалттай тодотгож өгч байгаа ч биеийг нь нилэнхүйд нь барьж бүрхсэн, хөдөлгөөнийг хязгаарласан байгаа нь Роүз өөрийнхөө харьяалагдсан нийгмийн давхаргадаа ямар тухгүйхэн оршдогийг харуулж байна.

Гэвч кино цаашид үргэлжлэн Жэктэй танилцаж дурлалдаа умбан, зүрхнийхээ эрчлээсийг суллаж буйг илтгэх гэсэн мэт өмссөн даашинз бүр нь улам биед эвтэйхэн, хөдөлгөөн хорихгүй, чөлөөтэй болж ирнэ. Магад Роуз өмнө нь ийм эрх чөлөөтэй агаараар амьсгалж үзээгүй биз. Роузын ээж нэгэнтээ охиноо хувцаслаж байхад нь ирж цээживчний уяагаар нь хэрцгийгээр татан чангалж буй хэсгийг санаж байна уу…
Зөвхөн энэ хэсгээс л бид тухайн цаг үеийн нийгэм эмэгтэйчүүдэд эр хүний гоёл чимэг зүүлт мэт ханддаг байсан бурангуй тогтолцоо хийгээд Роузын өмнө нь мэдэрдэг байсан дарамт, ээжийнх нь бусдыг дээрээс нь харсан хөндий хүйтэн байдал, охиноо зөвхөн баян хөрөнгөтөн давхаргад л байлгах гэсэн хүсэл зэргийг нь тод томруунаар харж болно.
Тэгэхээр Титаник кинонд хувцас дизайны ажил нь зөвхөн түүхэн он цагийн онцлогийг харуулаад зогсохгүй Роузын дотоод шаналал, түүнийгээ Жэкийн тусламжтайгаар хэрхэн даван туулж буйг илэрхийлж байна. Роуз эд хөрөнгөнөөс илүүтэйгээр эрх чөлөөг сонгожээ. Яагаад Роуз эмгэн болсон хойноо өөрийнх нь сүйт залуу бэлэглэж байсан “Далайн Зүрх” нэрт цэнхэр алмас эрдэнийн зүүлтээ далайд хаясан нь одоо ойлгомжтой болж байгаа биз…
Mean Girls /Өөдгүй Охид/
Одоо харин орчин цагийн сэдэвтэй киногоор жишээ авъя. Америкийн алдарт комедиан Тина Фэй ахлах сургуулийн охидын далд өрсөлдөөний тухай кино зохиол бичсэн мөн л хожим хойно өсвөр насны охидуудын сонгодог бүтээл гэж хэлж болохуйц алдартай кино төрсөн нь “Өөдгүй Охид” билээ. Гаднаа инээмсэглэх ч, дотроо цэхэлзэх арван жилийн охидын хөнгөхөн хөгжилтэй үйл явдлаар үнэндээ хүн төрөлхтөний пирамидын орой руу нэгнээ гишгэчин тэмүүлэх адын шунал, хүслийг өгүүлж байдаг.

Киноны “зүрхэн” дүр Кэди “хуванцар охид”-той анх хирхэн танилцдагийг санацгаая. Ахлах сургуулийн цайны газарт өдрийн хоолоо идэхээр Кэдиг явж байхад сургуулийн “хатан зөгий” Режина өөрсдийн ширээнд суухыг урина. Энэ үед л “хуванцар охид” болоод Кэди нарын хоорондын ялгаатай байдал хийгээд эсрэгцлийг өмсөж зүүснээс нь маш тод харагдана. Кэди чихэндээ ээмэггүй, хүзүүндээ зүүлтгүй, хуруундаа бөгжгүй цорын ганц зүүсэн аксессуар нь элдэв хорлолоос хамгаалдаг вуду шашны бугуйвч байна. Хамаг л хүүхэд насаа халуун Африкт өнгөрүүлсэн Кэдигийн хувьд элдэв зүүсгэл нь гоёлын үүрэгтэй биш бололтой. Мөн цэрэг ногоон өнгийн хүрэмтэй байгаа нь Африкт ажиллаад ирсэн цагаан судлаач л гэлтэй. Гэвч бусад кинонд гардаг ижил дүрүүдтэй харьцуулахад Кэди өөрийгөө бүүр ч гаргуунд нь гаргаагүй гэдэг нь энгийн нэгэн жийнс, цамц өмссөн байгаагаас нь харагдана.
Үүнтэй эсрэгцэн Режина охидын бүлгэмийн дарга гэлтэй ягаан сорочка дээр хар гурвалжин энгэртэй цамц давхарлан өмссөн харагдана. Ягаан өнгө нь Режинагийн хээнцэр охин чанарыг нь тодотгож байгаа бол дээгүүр нь өмссөн хар гурвалжин энгэртэй цамц нь зүгээр ч нэг охин биш дарга дарангуйлагчийн байр суурийг давхар илтгэж байна. Үүнээс гадна Кэди яг л ажлын ярилцлага юмуу байцаалтанд орж байгаа юм шиг хуванцар охидын өөдөөс нь харан сууж байгаа нь киноны өгүүлэмжинд зөвхөн диалог, жүжиглэлт бус дүрүүдийн хувцаслалт төдийгүй байрлал нь ч ямар чухал үүрэгтэйг харуулж байгаа биз. За тэгээд Хэллоуины үдэшлэгт Кэди юу өмсч ирсэнийг санаж байна уу…

Энэ бүгдээс Кэди үеийн охидоосоо хэрхэн холдож, тасарсан байгааг төвөггүй илтгэнэ. Кино үргэлжлэх тусам Кэди нөгөө гурваасаа ихийг суралцаж “хуванцаржихийн” хэрээр өмсгөл нь ч ягаарч, зүүсгэл нь ч гялалзаж, биеээ далдалж нуудаг байсан Африкаас дөнгөж ирсэн Кэди арьсаа агаарлуулъя гэсэн шиг ил гаргаж эхэлнэ. Энэхүү өөрчлөлт нь киноны өгүүлэмжинд маш чухал үүрэгтэй юм. Энэхүү Кэдигийн өөрчлөлтөөр бид түүний бусаддаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэрхэн тэмцэж байгааг, мөн бусадтайгаа адилхан хуурамч хуванцар шиг болж байгааг, дараагийн хатан зөгий хэрхэн төрж байгааг харж байна. Гэвч Кэди дараагийн хатан зөгий боллоо гээд илүү жаргасангүй. Таалагддаг краш нь ч, найзууд нь ч, хамт олон нь Кэдигээс нүүр бууруулж орхино.

Энэ бүхний эцэст Кэди ухаажин киноны төгсгөлд энгийн цагаан цамц, жийнс өмссөн харагдана. Учир нь Кэди бусдад таалагдаж хувцаслахаас илүүтэйгээрээ өөрөөрөө байхыг илүүд үзжээ. Гэвч Африкаас дөнгөж ирээд байсан Кэдиг бодвол үсээ задгай тавьсан, хувцасны силуэтын хувьд бага зэрэг бариу болж ирсэн нь өнөөгийн хуванцар бус жинхэнэ Кэди хэрхэн хөгжиж өөрчлөгдсөн байгааг харуулна. Өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан, ичимхий, гэнэн Кэди одоо бол өөрийгөө олсон, эвтэйхэн үзэл бодлоо илэрхийлчихдэг, төлөвшсөн Кэди болжээ. Тиймээс Кэдигийн хувцаслалтын өөрчлөлт, хувьсалаас Кэди өмнө нь хэн байсан, явц дундаа юунд алдсан, одоо хэн болж хувирсан зэрэг амьдралынх нь динамик өөрчлөлтийг маш энгүүнээр бас ухаалгаар харуулсан байна.
Нийтлэлийнхээ оршил хэсэгт бичсэн өгүүлбэрээ эргэн давтахад бидний өмссөн хувцас зүүсгэл бүр үнэндээ бидний түүхийг өгүүлж байдагийг уншигч авхай та магад одоо хангалттай ойлгосон буй заа. Тиймээс өөрсдийгөө амьдрал хэмээх киноны гол дүр гэдгээ эргэн санаж, өөрийг тань өгүүлж чадах хувцас, зүүсгэл өмсөхөөс бүү татгалзаарай.
Чамаас бусад хүмүүс киноны тань туслах дүрүүд л тул бусдын юу гэж шүүмжлэх таньд огт хамаагүй гэдгийг санаарай. Та өөрийнхөө түүхийг өгүүлэхдээ бэлэн үү?