"Өрөөний асуулт" буланд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс хариулт авлаа.
Хүний эрх, үүрэг, хариуцлага ярихын тулд бид заавал Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцын тухай ярих шаардлага гардаг. Яагаад вэ гэхээр байшинтай зүйрлэвэл суурийг тавьсны дараа ханыг нь өрдөгтэй адил Монгол Улсын Үндсэн хууль бол хүний эрхийн суурь гэж ойлгох хэрэгтэй.
Ямар хүрээнд ямар эрхтэй байх вэ гэдгийг баталгаажуулж өгдөг тулгуур багана. Ийм учраас Монгол Улсын иргэн бүр ямар хүрээ хязгаарт хууль тогтоомж үйлчилдэг вэ гэдгийг мэдэхэд тустай. Тодруулбал, хуулиа мэддэг байх нь нэгдүгээрт эрхээ баталгаатай эдлэхэд, хоёрдугаарт, бусдын эрхийг зөрчихгүй байх ухамсар, дадал суухад тустай.
Монгол Улсын хэмжээнд 660 орчим хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээр хууль бүгд Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Үүнээс хүний эрхтэй хамааралгүй хууль гэж бараг байхгүй. Жишээ нь эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар, боловсрол түүнчлэн жагсаал, цуглаан хийх, төрийн бус байгууллага байгуулах гээд бидний амьдралд хамааралтай бүхий л хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн байх ёстой.
Тиймээс бид бүгдээрээ Үндсэн хуулиасаа эхэлж суралцах, таних, мэдэх нь чухал гэж үзсэн бөгөөд ХЭҮК-оос “Үндсэн хууль-Манай ангид, “Үндсэн хууль-Манай сургуульд” гэж өөриймшүүлж, нас насанд нь тохирсон агуулга, арга хэлбэрээр хүний эрхийн суурь боловсролыг түгээж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж байна.
Мөн цахим технологийн эрин үед амьдарч байгаа учраас хүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөх нь ихсэж байна. Хуучин уламжлалт цаасан суурьтай арга барил байгаа хэдий ч зэрэгцээд цахим платформ руу шилжсэн.
Цахим орчинд хүний эрхийн хүрээ, хязгаарыг ойлгох, таних, мэдэх шаардлага цахим орчин руу шилжиж байна. Уламжлалт ойлголтын хүрээнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө гээд биет байдлаар хүний эрхийг хамгаалах асуудал яригддаг байсан бол хүний нэр төр, хувийн болон эмзэг мэдээллээ хамгаалах асуудал дээр нэлээд анхаарах шаардлагатай болсон.
Цахим орчин цаашид байнга хувьсан өөрчлөгдөж хөгжих учраас хөл нийлүүлэн алхаж байгаа бид өөрсдөө эрхээ хамгаалах, бусдын эрхийг хөндөхгүй байх нь чухал.
Ялангуяа цахим технологи ашиглан үйлдэж байгаа гэмт хэргийн хохирогчоор хүүхэд, өсвөр насныхан бүртгэгдэх нь түгээмэл байгаа учраас хүүхдийн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтан бүгдээрээ хүүхдийн нас, насны онцлогт тохирсон агуулгаар хүүхдэд эрхийн тухай мэдлэг олгох нь чухал байна.
Учир нь эрхээ мэдсэн хүн үүргээ ухамсарладаг, эрх, үүргээ ухамсарласан хүн хариуцлагатай иргэн байж чадна гэдгийг онцлон хэлье.
Асуултанд хариулт өгсөнд баярлалаа.