Б.Хулан: Цэвэршилтийг бид тойрохгүй, дайрна. Тиймээс бэлтгэлтэй байх хэрэгтэй

Б.Хулан: Цэвэршилтийг бид тойрохгүй, дайрна. Тиймээс бэлтгэлтэй байх хэрэгтэй

Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, нийгмийн эрүүл мэндийн магистр Баяраагийн Хулантай цэвэршилтийн талаар ярилцлаа.

-Юуны түрүүнд цэвэршилт гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Биеийн юм үзэгдэхээ байхыг л цэвэршилт гэж нийтлэг ойлгодог. Үүний цаана эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт явагддаг вэ? 

-Сарын тэмдэг ирэхгүй 12 сар болохыг цэвэршилт гэнэ. Үүний цаана бидний нөхөн үржихүйн чухал эрхтэн болох өндгөвчний үйл ажиллагаа зогсож байна гэсэн үг. Эмэгтэй хүн эхээс төрөхдөө л тоотой өндгөн эстэй төрдөг шүү дээ. Тэдгээр нь сар болгон ялгарч ашиглагдсаар байгаад нөөц нь дуусаад, өндгөвчний үйл ажиллагаа зогсдог.  Гэхдээ сарын тэмдэг ирэхгүй байх бусад  шалтгаан бас бий. Жишээ нь дотоод шүүрлийн асуудал, умайн хөндийн наалдац гэх мэт.

Энэ цэвэршилт гэх үйл явц гэрэл унтрааж байгаа юм шиг шууд биш, аажмаар явагдана. Цөөн тохиолдолд, жишээ нь мэс заслын аргаар өндгөвч тайрагдахад энэ үйл явц гэнэт хурдан явагдаж болно. Эмэгтэй хүн цэвэршихийн өмнө цэвэршилтийн эргэн тойрны үеийг (perimenopause) дамждаг. Энэ шилжилтийн үед эстроген болон прогестрон даавар буурсантай холбоотой өөрчлөлтүүд гарсаар аажимдаа цэвэршинэ.

-Ерөнхийдөө 45-аас дээш насанд цэвэршилт эхэлдэг гэж үздэг. Түүнээс өмнө, тухайлбал, 40 насандаа цэвэршиж эхэлсэн уншигч маань үүнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Энэ тал дээр эмэгтэйчүүд маань юуг мэдэж байх хэрэгтэй вэ?

-Цэвэршилт 45-55 насны хооронд явагдахыг хэвийн гэж үздэг. Дэлхий дахинд дунджаар 50-51 насандаа, Азид 48-49 насандаа эмэгтэйчүүд цэвэршиж байна гэсэн үзүүлэлт байдаг. Тэгэхээр 55 наснаас хойш, тухайлбал, 60 хүрчихээд цэвэршилт явагдахгүй сарын тэмдэг ирээд байвал  тухайн эмэгтэй заавал эмчид хандах ёстой. Эсрэгээрээ 40 наснаас өмнө цэвэршвэл өндгөвч эрт цуцах хам шинж  (premature ovarian failure/insufficiency) гэж үздэг. Магадгүй хагалгаа хийлгэсэн байж болно, эсвэл генетикийн суурьтай өндгөвч цуцчихсан байж болно. Ийм тохиолдолд эсрэг заалтгүй бол даавар эмчилгээ хийх шаардлагатай. Жишээлбэл, 38-тай эрт цэвэршсэн бол цэвэршилтийн дундаж нас хүртэл оройлцоогоор 10-аад жил дааврын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь тухайн эмэгтэйн хувьд ирээдүйд зүрх судасны эмгэг, нас барах, ясны сийрэгжилт, dementia оношлогдох эрсдэл хэвийн насандаа цэвэршиж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр болдог.

-Дааврын эмчилгээ Америкт хүртэл хүртээмжтэй биш байдаг гэсэн. Монголд энэ эмчилгээний хүртээмж хэр байдаг бол?

-Монголд ч гэсэн дааврын эмчилгээний хүртээмж сайн биш гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн эм албан ёсоор орж ирсэн. Дааврын эмчилгээний хувьд ууж, арьсаар, үтрээгээр хэрэглэх гэсэн гурван хувилбар байдаг. Цэвэршилтийн үед уудаг дааврын эм нэг үеэ бодвол сонголттой болсон байна. Transdermal буюу арьсаар хэрэглэдэг цацлага хэдэн жилийн өмнөөс байдаг болсон. Удахгүй бас гель хэлбэрээр орж ирэх гэж байна гэсэн мэдээлэл байгаа. Олон улсад наалтууд элбэг байдаг бол Монголд одоогоор алга. Үтрээгээр хийдэг эстроген даавартай лааны хувьд бас сонголтууд бий. Гэхдээ л хөгжингүй орнуудтай харьцуулахад дааврын эмчилгээний эмийн сонголт бага. Заримдаа тасалдал ч үүсдэг.

-Тэгэхээр 45-55 насыг хэвийн гэж үзэж байна. Орчин үед гэр бүл төлөвлөх, хүүхэдтэй болохоо хойшлуулах нь элбэг болсон. 40-өөс дээш насандаа хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Цэвэр нөхөн үржихүйн талаас нь бодвол аль болох эрт, 25-35 насны хооронд төрөхөд зүгээр. Яагаад гэвэл өндгөвчний маань нөөц дуусдаг, өндгөн эс маань тоотой. Бидний нөхөн үржихүйн нас хугацаатай гэсэн үг. Хоёрдугаарт, нас ахих тусам даралт ихсэх, чихрийн шижин гэх мэт  архаг өвчинтэй болох магадлал ихэсдэг. Ингээд ирэхээр жирэмслэлт маань өөрөө эрсдэлтэй болоод ирдэг. Эх болон урагт гарах хүндрэлүүд  нэмэгдээд ирж байна гэсэн үг. “Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө” гэдэг үг байдаг. Залуу насандаа, аль болох эрүүл байхдаа төрөх юм бол нөхөн үржихүйн талаасаа хамгийн тохиромжтой. Гэхдээ орчин үед сурах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй гээд нийгмийн талаасаа ачаалал их байгаа учраас аль болох тэнцвэрийг нь олох л чухал.

Мэдээж өндгөн эс болон үр хөврөлөө хөлдөөж хадгалж байгаад үр шилжүүлэн суулгаж болох ч энэ нь зардал өндөртэй мөн амжилтгүй болох магадлалтай ажилбар. Өөрөөр хэлбэл, тэр зүйлд 100 хувь найдахад хэцүү л дээ. Хэрэв сонголт байгаа бол өөрөөрөө, гадны нөлөөгүйгээр байгалийн жамаар жирэмслээд төрвөл илүү тохиромжтой.

Сүүлийн үед клиникт нэвтрээгүй ч гэсэн эмэгтэй хүний нөхөн үржихүйн насыг уртасгах  олон судалгаа олон улсад хийгдэж байгаа. Жишээ нь, эдийг нь авч хадгалаад биед нь буцааж байршуулах гэх мэт. Гэхдээ яг өнөөдөр клиникт ашиглаж эхэлсэн зүйл байхгүй байна.

-Цэвэршилтэд хэрхэн бие, сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй вэ? 

-Эмэгтэй хүн бүрд цэвэршилт явагдах учраас бид биеэ бэлдэх нь чухал. Зарим хүмүүс маш хэцүү цэвэршилтийг даван туулдаг бол зарим нь хөнгөн даван туулдаг. Хүнд, хөнгөн байхыг бид урьдчилан мэдэхгүй. Хэрэв тухайн эмэгтэйд эстроген даавар буурсантай холбоотой халуу оргих, нойр муудах, үе мөч өвдөх, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох гэх мэт шинж тэмдгүүд өдөр тутмын амьдралын чанар нөлөөлөхүйц хүнд байвал дааврын эмчилгээ шаардлагатай гэсэн үг. Гэхдээ дааврын эмчилгээ зарим тохиолдолд эсрэг заалт гарч ирдэг тул хэрэглэх боломжгүй байдаг. Дааврын бус цэвэршилтийн эм Монголд харамсалтай нь байхгүй.

-Энэ үед амьдралын чанараа хэвийн хадгалахын тулд юу хийж болох вэ? 

-Энэ үеийг давж туулахын тулд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. Мэдээж суурь эрүүл мэнд сайн байж эрсдэлт хүчин зүйлс буурна. Цагаа барьж унтдаг байх нь чухал. Олон жил хэт орой унтаад байвал даралт ихэснэ, нойрны асуудал гарна. Зөв хооллох хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөн хийдэг байх гэсэн үндсэн гурван зүйлийг ерөсөө алдаж болохгүй. Дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг нь бодисын солилцоогоо сайжруулж байна гэсэн үг. За тэгээд дээрээс нь тамхи татахгүй байх хамгийн чухал. Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоол ундандаа анхаарахгүй бол 50 дөхөөд ирэхээр чихрийн шижин, таргалалтын эрсдэл нэмэгдэнэ, дагаад даралт ихсээд ирнэ. Энэ бүхэн маань эрсдэлийн хүчин зүйлсийг нэмдэг.

Мэдээж дааврын эмчилгээ эхлэхийн өмнө эрсдэлээ үнэлдэг. Жишээ нь зүрх судасны эмгэгээр өвдөх, нас барах, хөхний хавдраар өвдөх гэх мэт.

Бас нэг хэлэх зүйл гэвэл цэвэршилтийн эргэн тойронд Д витамины цусан дахь хэмжээг хэвийн байлгах нь чухал. Ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг. Бодисын солилцоо хэвийн явагдахад ч мөн ач тустай. Ялангуяа манай Монголд нарны тусгал муутай, хүн амын 90 хувь нь Д витамины дутагдалтай учраас үүнд анхаарах хэрэгтэй. Нэг үеэ бодвол хүмүүс Д уудаг болсон, цусан дахь хэмжээгээ үздэг болчихсон. Гэхдээ ууж байгаад л хаячихаар хурдан буурчихдаг. Заримдаа бүр хэтэртэл нь уучихсан хүмүүс ч байдаг. Тэгэхээр зөв тунгаар, тааруулаад  уугаад явах нь чухал.

-Цэвэршилт эхэлж байгааг яаж, ямар шинж тэмдгүүдээр мэдэх вэ? Ямар үед хөнгөн байна, ямар үед хүнд шинж тэмдэг байна гэдгийг мэдэх вэ?

-Цэвэршилтийн эргэн тойрон гэж ярьсан. Яг 12 сар биеийн юм ирэхгүй байхаас урагшаа 1-2 жил, хойшоо нэг жил, ингээд ер нь эргэн тойрон маань дунджаар гурван жил байдаг. Зарим хүний хувьд удаан, 5-10 жил үргэлжлэх тохиолдол ч бий. Тэгэхээр 1-2 жилийн өмнөөс эхлээд бага зэрэг халуу оргих, сарын тэмдгийн мөчлөг богиносох, эсвэл холдох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хүн бүрд адилгүй. Эсвэл нойр муудах, мөр хөших, үе мөч өвдөх, сэтгэл санаа савлах зэрэг байж болно. Эдгээр нь хэвийн амьдралд нөлөөлөхгүй байх нь чухал. Хэрэв хэвийн амьдралд нөлөөлөөд ирвэл эмчийн тусламж авах шаардлагатай. Жишээлбэл, өдөрт 4-5-аас дээш удаа халуу оргиод л, шөнө хөлөрч сэрээд байх тохиолдол бий. Хүн шөнө хэд хэд сэрээд байвал нойрны чанар муудна, ажлын бүтээмж, эрч хүч муудаад, ядраад эхэлнэ. Тэгэхээр таны амьдралын чанарт нөлөөлөхгүй байвал хөнгөн байна, гайгүй байна аа л гэсэн үг. Өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлөөд ирэхээр л эмчид очих шаардлагатай, эмийн эмчилгээ хэрэглэх эсэхээ эмчтэйгээ ярилцах хэрэгтэй болж байна гэсэн үг.

-Хүн бүрд адилгүй, өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм байна. Тэгэхээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүд маань эхлээд эмэгтэйчүүдийн эмчдээ хандах нь зүйтэй юу эсвэл зүрх судас, үе мөч зэрэг мэргэшсэн эмчдээ хандах хэрэгтэй юу?

-Аль алинд нь очих хэрэгтэй. Тухайлбал, суурь үе мөчний өвчинтэй хүмүүс байдаг. Тэр нь цэвэршилтийн эргэн тойронд илүү хүндрэх магадлалтай. Угийн нойр муутай хүмүүс байлаа гэхэд цэвэршилтийн эргэн тойронд бүр нэмэгдчихдэг. Тийм үед дааврын эмчилгээ хийхэд нойр тодорхой хэмжээний засал авдаг ч бүр зүгээр болчихгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд савладаг, хүнд байвал мэдээж хэрэг сэтгэл засалч улмаар сэтгэцийн эмчийн  тусламж авах хэрэгтэй. Суурь депресстэй хүмүүсийн хувьд мөн л цэвэршилтийн эргэн тойронд хүндрэх магадлал арай илүү.

-АНУ-д 40-өөс дээш насны гурван эмэгтэй тутмын нэг нь цэвэршилтийн хүнд шинж тэмдэг мэдэрдэг гэсэн судалгаа байна. Монголд энэ үзүүлэлт ямар байдаг бол?  

-Манайд бол судалгаа хомс байдаг. Эмч нар маань хийгээд л явж байгаа. Ямар ч байсан монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 48-49 байна гэсэн судалгаа бол байдаг. Яг хүнд, хөнгөн шинж тэмдгийн тал дээр судалгаа ховор. Зарим нь санаа зовоод эмчид ханддаггүй. Гэхдээ нэг үеэ бодоход эмэгтэйчүүд маань бас энэ тал дээр эмчид ханддаг болчихсон. Зарим эмэгтэйд дааврын эмчилгээ санал болгохоор  айгаад байна гэдэг. Эмчилгээ эхлэхийн өмнө гарч болох эрсдэл хүндрэлийн талаар мэдээлэл өгдөг, мэс заслын өмнө зөшөөрлийн хуудас авдаг шиг. Тэгэхээр айгаад шинж тэмдэг нь хэчнээн хүнд байсан ч “За за тэгээд өөрөө болгочихъё доо” гээд яваад өгдөг хүмүүс бас бий.

Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүд цэвэршилтийн үеийн дааврын эмчилгээний талаар мэдээлэл сайтай болсон, шаардлагатай үед дааврын эмчилгээний давуу талуудыг ойлгодог болсон. Над дээр үзүүлдэг эмэгтэйчүүдийн зовуурь багасаж, халуу оргих нь цөөрч байна, нойрондоо сайжирч байна, эрч хүчтэй болж байна, ажлын бүтээмж сайжирч байна зэрэг эерэг хандлагатай байдаг.

-Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?

-Хоёулаа сая цэвэршилтийн эргэн тойрны асуудлыг ярилаа. Гэхдээ цэвэршилтийн дараах үе гэж зөндөө урт үе байна. Хүмүүсийн дундаж наслалт уртсаад, 70, 80 наслаж байна. Түрүүн ярьсан цэвэршилтийн эргэн тойрны шинж тэмдгүүд бол ерөнхий биед гарч байгаа системийн өөрчлөлтүүд гэсэн үг, хэдэн жил үргэлжилдэг. Гэтэл орчин үед эмэгтэйчүүд амьдралынхаа бараг гуравны нэг, дөрөвний нэгийг цэвэршилтийн дараах үед өнгөрөөж байна. Тэгэхээр цэвэршилтийн дараах үеийн эрүүл мэнд, амьдралын чанартаа анхаарах нь чухал. Хэтрүүлээд хэлэхэд зарим хүн цэвэршчихсэн гээд эмэгтэй хүн байхаа больчихсон юм шиг, эмэгтэйчүүдийн эмчид очих ч хэрэггүй гэж боддог. Энэ бол ташаа ойлголт. Жишээ нь, умай хүзүүний хавдрын илрүүлгийн шинжилгээг 63 нас хүртэл хийдэг болсон. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн түгээмэл илэрдэг зовуурь гэвэл үтрээгээр хуурайших, бэлгийн харьцаанд ороход өвдөх зэрэг байдаг. Мөн дахилтат үтрээний үрэвсэл, дахилтат шээсний замын үрэвсэл зэрэг эрсдэл байдаг. Энэ нь эстроген буюу эмэгтэй дааврын хэмжээ биед эрс буурсантай холбоотой шээс, бэлгийн замын салстууд маань хатингиршиж, нимгэрдэг тул гадны нянд илүү өртгөмтгий болчихдогтой холбоотой. Иймд энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах ёстой.

Зарим хүн ойр ойрхон цистит болоод байна гээд зөвхөн бөөрний эмчид үзүүлээд байдаг. Гэтэл  энэ үед эстрогентэй лаа үтрээгээр хэрэглэх юм бол дахилт эрс буурдаг. Мөн доошоо хуурайших, үрэвсэж байгаа, бэлгийн харилцаанд ороход өвдөж байгаа шинж тэмдгийг дарна. Тийм шинж тэмдгүүд илэрч байгаа бол эмэгтэйчүүдийнхээ эмчид хандах хэрэгтэй. Заавал даавар биш юм аа гэхэд одоо чийгшүүлэгч зэрэг янз бүрийн бүтээгдэхүүн элбэг болсон.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.