​Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэмжих үйлчилгээ авах боломжтой болно

​Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэмжих үйлчилгээ авах боломжтой болно

​Түгээмэл хөгжил төв, Германы Pro NGO e.V. байгууллага хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар “нуугдмал” байдалтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Бие даан амьдрах есөн төвийг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй 180 гаруй хүнийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй, “нуугдмал” байдалд амьдарч байгаа нь хүний эрхэд суурилсан үйлчилгээний хүртээмж сул, бие даан амьдрахыг дэмжих тогтолцоо төлөвшөөгүй зэрэг гол шалтгаанаас үүдэлтэй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдөө удирддаг байгууллагуудын засаглал, санхүүгийн чадавх сул, бодлогын дэмжлэг дутмаг байна. ​Энэ байдлыг өөрчлөхийн тулд төслийн хүрээнд Бие даан амьдрах төвүүдийг хүний эрхэд суурилсан үйлчилгээний гол хэрэгжүүлэгч, бодлогын түвшинд зөвлөх түнш болгон бэхжүүлэх зорилготой аж. Ингэснээр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 19 дүгээр зүйлд заасан бие даан амьдрах, нийгэмд хамрагдах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

​Төслийн хүрээнд есөн төвийн 36 ажилтан хүний эрх, бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, бодлого боловсруулалт, дижитал ур чадварын чиглэлээр сургалтад хамрагдаж, найман төв нь институтийн чадавхаа бэхжүүлэх дэд тэтгэлэг авч, дотоод засаглал, төсөл болон санхүүгийн удирдлагаа сайжруулах юм байна. Мөн хувийн туслахын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй 180 гаруй хүн дэмжих үйлчилгээ авна. Түүнчлэн бие даан амьдрах төв есөн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хариуцан хэрэгжүүлэх аж.

​Төсөлд иргэний нийгмийн 19 байгууллага хамрагдаж, үүнээс бие даан амьдрах есөн төв хамтран дотоодын болон олон улсын (Kokorozashi) сүлжээ бүрдүүлэх юм. ​Ингэснээр бодлогын нөлөөллийн үр дүнд бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний хууль эрх зүйн болон санхүүжилтийн орчин сайжирна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.