Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч амархан

Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч амархан

Гэрэл зургийг MPA.mn, "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн нээлттэй сан  

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан тайван жагсаал тавдугаар сарын 14-нөөс эхэлж, 150 мянга гаруй иргэн гарын үсгээ зурж нэгдээд байна. Харин эрх баригчид үүнийг зохион байгуулалттай, төлбөртэй жагсаал хэмээн мушгин тайлбарлаж, хариуцлага хүлээхээс зугтсаар өдийг хүрлээ. Хүний эрхийн активистууд, хүүхдээ тэвэрсэн ээж аавууд, шударга ёсыг хүссэн залуусын дуу хоолойг үл ойшоож, хариу өгөхгүй гүрийсээр хоёр долоо хонов.

Энэ бол зүгээр нэг 20 саяын цүнхний асуудал биш. Монголд нүүрлээд буй ядуурал, тэгш бус байдал, шударга бусын системээс залхсан иргэдийн бухимдлын оргил цэг юм. Тав дахь жилдээ засгийн эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнэ өөрийн үгэндээ эзэн болохгүй байгаагийн илрэл. 

Авлига, шударга бус байдалтай тэмцэгчийн дүрээр гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдын үүргээ хүлээж авахдаа шударга ёс тогтоох, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих амлалт өгч байв. Таван жилийн дараа эргээд харахад түүний амлалт утаа, тоос, түгжрэлдээ замхран оджээ. Гэтэл энэ бүхнийг шийдэх мөнгө болоод цаг байсан уу гэвэл байсан. 

2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 10.4 их наяд төгрөг байв. Л.Оюун-Эрдэнэ засгийн эрх барих хугацаанд төсвийн орлого гурав дахин нэмэгджээ. Энэ нь түүний гавьяа гэхээс илүүтэй нүүрс, зэс, алтны үнэ өндөр байсантай шууд холбоотой. Засгийн газар олсныхоо хэрээр үрсэн ч шийдсэн юмгүй сууж байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жил 31 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага 30 их наяд төгрөгөөс давсан. Төсвийн зарлага гурав дахин нэмэгдсэн атал иргэдийн амьдрал дээрдсэнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр. Ажилгүйдэл, архидалт гаарч, гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэдсээр.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг эрх барих хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо, түүнээс болж гэмтсэн, нас барсан хүний тоо огцом өссөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар түр хамгаалах байрны урсгал зардал, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцах ёстой атал тэрийгээ ч хэрэгжүүлэлгүй өдийг хүрлээ. 

Ийнхүү иргэд нь ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэж, ажил, бизнес хийж байгаа нь татварт дарамтлуулж, хүчирхийллээс зугтсан хүүхэд, эмэгтэйчүүд толгой хоргодох газаргүй байхад амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй Ерөнхий сайд нь Rolex брэндийн цаг зүүж, хүүхэд нь Харвардын хэлний бэлтгэлд сурч, сүйт бүсгүйгээ энгийн иргэдийн төсөөлж ч чадамгүй зүйлсээр тансаглуулж байна.

Кэмбрижийн хөтөлбөртэй Бэрх олон улсын сургуулийг барихад төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргаж байхад Улаанбаатарын сургуулиудын нэг ангид 40-60 хүүхэд сурах нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. 

Эцэст нь, авлига, шударга бус байдалтай тэмцэх Л.Оюун-Эрдэнийн амлалт хоосон байсныг бид харлаа. Транспаренси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын индексээр Монгол Улс  2021 онд 35 оноогоор 110 дугаар байрт жагсаж байсан бол 2024 оны байдлаар 33 оноогоор 114 байр луу ухран оржээ. Ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр ч хойшилж, автократ засаглалын шинж тэмдгүүд илэрсээр байна.

Эрчүүдээр удирдуулсан 35 жил

Монгол Улсад найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар зургаан хүн сонгосон бол 33 удаа Ерөнхий сайд томилон ажиллуулжээ. Ганц ч эмэгтэй байгаагүй. Төр, засгийн жолоог нэг эрийн гараас нөгөө эрийн гарт атгуулсаар 35 жилийн нүүр үзэв. Үнэндээ эрчүүд улс орноо хөгжүүлж чадахаа батлахад хангалттай хугацаа, боломж байсан. Гэтэл юу өөрчлөгдөв? Уул уурхайн томоохон төслүүд тойрсон маргаан үргэлжилж, эдийн засаг ашигт малтмалын экспортоос улам хамааралтай болж, энэ хооронд ДНБ-ий хэмжээ хэд дахин тэлсэн ч ажилгүйдэл, ядуурлын асуудлаа шийдэж чадсангүй. 

Гүйцэтгэх засаглалыг эмэгтэй хүнд даатгаж үзэх цаг нэгэнт иржээ. 

2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд болсон “Тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт” олон улсын форумын үеэр улс төрийн 10 намын удирдлага эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих амлалт өгч гарын үсэг зурсан. Энэ үеэр МАН социал демократ үзэл баримтлалтай намын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр манлайлна гэж Д.Амарбаясгалан дарга хэлж байсныг эргэн саная. 

Хэдийгээр УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо өссөн ч гүйцэтгэх засаглалд энэ үзүүлэлт бага хэвээр. Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр Монгол Улс 181 орноос 106 дугаарт эрэмбэлэгдэж, сүүл мушгиж байна. Шинэ Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа бүрдүүлэхдээ үүнийг сайжруулах боломж бий. Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдыг томилж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх боломж эрх баригчдад байна. 

Дэлхий дахинд

1960 онд Шри Ланк эмэгтэй ерөнхий сайдтай болсон дэлхийн анхны улс болж түүхэнд үлджээ. Мөн Энэтхэгийн цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд Индира Ганди төрийн эрхийг барьж, улс төр, эдийн засгийн чухал өөрчлөлтүүдийг хийсэн нь одоог хүртэл хэлэлцүүлгийн сэдэв болсоор байдаг. Гэвч 2010 оноос хойш л дэлхий дахинд эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын тоо хурдацтай нэмэгдсэн юм.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар төрийн эрх барьж буй удирдагчдын 11.9 хувь, засгийн эрх барьж буй удирдагчдын 8.3 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Чамлалтай тоо мэт харагдаж байгаа ч бага хугацаанд гарсан ахиц дэвшил яах аргагүй мөн. Эдүгээ дэлхийн гурван улс тутмын нэг нь эмэгтэй удирдагчтай байсан гэдэг өөрчлөлт эхэлснийг илтгэнэ. 

Дэлхий даяар мянга мянган жилийн турш эрчүүд сайн удирдагч байж чадна гэдгээ батлах боломжтой байлаа. Зарим нь амжилтад хүрсэн, олонх нь үгүй. Харин эмэгтэйчүүд Ерөнхий сайд болсон түүхэн хугацаа бага, энэ өндөр албыг хашсан эмэгтэй цөөн ч амжилтын түүх олон бий. 

Германы канцлер Ангела Меркел дэлхийн санхүүгийн хямрал, Европын өрийн хямрал, дүрвэгсдийн хямрал гэсэн гурвалсан сорилтыг туулахдаа шийдэмгий байдал, бодлогын зөвшилцлийг эрхэмлэсэн арга барилаараа ялгарсан. Тэрбээр хүнд цаг үед дипломат ухаан, хүнлэг чанарыг хадгалж чадсан удирдагч байв.

“Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тэтчер Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан анхны эмэгтэй бөгөөд Хүйтэн дайны үеийн гол тоглогчдын нэг байлаа. Хэдийгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр багагүй шүүмжлэлд өртсөн ч тэрбээр шийдэмгий байдал, тэсвэр тэвчээрээр манлайллаа тодорхойлж байлаа.

Исландын анхны эмэгтэй ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын дараа эдийн засаг нь сөхөрсөн улсаа удирдан, уналтын ирмэгээс тогтвортой байдал руу авч гарч чадсан. 

Харин цар тахлын үеэр Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хүн төвтэй, энэрэнгүй манлайлал, нийгмийн сайн сайхан руу чиглэсэн бодлогоороо ялгарч байв. Мөн Финландын Ерөнхий сайдын албан тушаалыг 2019 онд дөнгөж 34 насандаа авсан Санна Марин уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш байдалд анхаарсан бодлогоороо олон улсын хэмжээнд үнэлэгдсэн билээ.

Энэ мэтээр эмэгтэй Ерөнхий сайд нарын жагсаалт, амжилтын түүх үргэлжилнэ. Харин Монгол Улс ямар сонголт хийх вэ? Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох бүр амархан…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.