Амьдралын бүх л тохиолдолд: Капсулан шүүгээ

Амьдралын бүх л тохиолдолд: Капсулан шүүгээ

Зуны гэгэлгэн үдэш хайрт ханхүүтэйгээ болзохоор явахдаа өмсөнө дөө гэж худалдаж авсан эмэгтэйлэг, ялдмыг тань тодотгосон, романтик гэж жигтэйхэн даашинз байдаг уу? Эсвэл дахиад 5 кг турахаараа өмсөнө гэж хадгалаад л байгаа, бүсэлхийгээрээ товчилж хүрдэггүй жийнс ч юм уу? Хоёр, гурван жилийн өмнө PLAYTIME явахдаа өмсөж байсан элдэв тоноглолоор дүүрэн хантааз дахиж хэзээ өмсөхийг хүлээгээд шүүгээнд тань өлгөөтэй байгаа юм биш биз?

Ингэхдээ, тэгэхдээ... өмсөнө гэж хувцсуудаа цуглуулсаар ингэх, тэгэх мөч нь ч хүссэнээр нь олдохгүй цаг хугацааг элээсээр, нэг л мэдэхэд шүүгээ дүүрэн хувцастай ч юу өмсөхөө мэдэхгүй толгойгоо гашилган зогсох нь олон. Мөнгө, цаг хугацаагаа зарцуулан авсан хувцасны загвар хуучирсан уу, үгүй бол зүгээр л анх авахдаа мэдэрч байсан тэр догдлол хэдийн мартагдаад өмсдөггүй, гэхдээ бас хаяхад хайран олон зүйл шүүгээг тань дүүргэчихдэг. Яг л энэ асуудлыг шийдэхээр “Capsule Wardrobe” буюу КАПСУЛАН ШҮҮГЭЭ хэмээх минималист хэрэглээний ойлголт гарч иржээ.

Капсул шүүгээ гэдэг нь өөр хоорондоо төгс зохицон, загварлаг, олон дүр төрхийг бүрдүүлэх боломжтой цөөн хувцас, зүүсгэлийн цуглуулгыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, аль болох цөөн хувцас, эд хэрэглэлээр олон загварлаг дүр төрх бүрдүүлэх challenge /сорилт/ ч гэж хэлж болох юм. Энэ нь нэгэнтээ цөөн тооны хувцаснуудаас сонголт хийх тул цаг хугацаа болон мөнгө санхүүд ч хэмнэлттэй, ухаалаг, эко сонголт болох юм.

Тэгвэл өөрсдийн капсулан шүүгээг бүрдүүлэх гол шалгуур үзүүлэлтүүд юу вэ?

Олон талт үүрэг

Шинэхэн богино банзалдаа зохицуулан өмсөх шаахай авах шаардлага гардаг уу? Тэр зохицох шаахайг нь авлаа ч дахиад л шаахайндаа тааруулж цүнх худалдаж авч ч мэднэ. Тэгвэл хэрвээ та капсулан шүүгээнд нэмэгдэх хувцас бүр өмнө нь авсантайгаа зохицож байх ёстой юм. Үүгээр ч зогсохгүй ажилдаа ч, амралтын өдөр ч, болзоондоо ч, арга хэмжээнд ч дээгүүр, доогуурх хувцсыг нь солин зохицуулах байдлаар өмсөж болмоор байвал бүүр ч сайн.

Цаг хугацааны шалгуурыг давахуй

Сарын ч насгүй хэт тренд хувцаснаас илүүтэй бүхий л цаг үед өмсөж болохуйц хуучиршгүй, сонгодог загвартай, байгалийн өнгөтэй хувцас зүүсгэлийг сонгох нь он цаг өнгөрөх бүр таныг зөв сонголт хийснийг батлан харуулна.

Тооноос илүү чанарт

Капсулан шүүгээний онцлог нь нэг хувцсыг олон янзаар өмсөхийг голчилдог тул хэрэглээг уртасгахын тулд аль болох эдэлгээ сайтай, биед эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлдэг, арьсанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг чанартайг нь авах хэрэгтэй.

Тэгвэл капсулан шүүгээгээ хэрхэн бүрдүүлэх вэ?

  • Уншигч та энэ нийтлэлийг уншиж байхдаа хэдийн тааварласан буй за. Тийм ээ, мэдээж эхлээд одоогийнхоо шкаф, шүүгээгээ янзалж цэвэрлэхээс эхэлнэ. Тэгэхдээ өөрийнхөө хамгийн дуртай, их өмсдөг хувцас эдлэлүүдээ ялгана. Олон өмсөгддөг ч таныг зөвхөн тухтай л байлгах үүрэгтэй загвар нь таалагддаггүй хувцаснууд, олон өмсөгддөггүй ч загвар нь таалагддаг хувцаснууд аль аль нь үүнд орохгүй гэдгийг анхаараарай. Үүнийхээ дараа ялгаагүй үлдсэн их өмсдөггүй, эсвэл таалагддаггүй хувцаснуудаа бүгдийг нь хэрэгтэй хүмүүст өгөх юм уу, хуучин хувцасны дэлгүүрт хандивлан салж авна.
  • Өөртөө ялгаж үлдээсэн хайртай хувцсуудаа ажиглацгаая. Эдгээр хувцас өөрийн капсулан шүүгээр бүрдүүлэх үндсэн өнгө аясыг илтгэх юм. Ямар өнгө, ямар хэв маяг зонхилж байгааг сайтар анзаараарай. Тэгээд доорх байдлаар ангилж тус бүрийнх нь тоог нь бичнэ.

— Жийнс — Өмд — Банзал — Шорт — Майк — Гутал — Аксессуар

— Футболка — Цамц — Даашинз — Гадуур Хувцас — Бүс

  • Дараа нь ангилал тус бүрээс капсулан шкафыг тань бүрдүүлж чадах хувцасаа сонго. Дээр уншсан шалгуур үзүүлэлтүүдээ битгий мартаарай. Футболк ангиллаас сонгосон футболк таны бусад ангиллаас сонгосон бүх хувцасуудтай зохицох ёстойг анхаараарай. Зөвхөн футболк, майк ангиллаас 5,6 хувцас сонгож болно. Бусад ангиллаас ихдээ дөрвөн хувцас сонгох ёстой. Нийтдээ таны сонгосон хувцсууд 28–42 ширхэг болж байвал ерөнхийдөө капсулан шүүгээ тань бүрдчихлээ гэсэн үг.
  • Ангилал бүрээс сонгосон хувцас тань ангиллаас шалтгаалан 4,6 тоондоо хүрэхгүй байвал та дэлгүүр хэсэхдээ юу авах хэрэгтэйгээ тодорхойлж байна гэсэн үг юм. Харин худалдан авалт хийхдээ дээрх гурван гол шалгуур үзүүлэлтээ битгий мартаарай.

Капсулан шкаф нь өнөө цагийн хурдтай үсрэнгүй хөгжиж буй нийгэмд болоод өөртөө ухаалгаар хөрөнгө оруулахыг хүссэн хэн бүхэнд туйлын тохиромжтой, загварлаг алхам бөгөөд хэрэглээг цомхотгож, үйлдвэрлэлийг багасгаснаар тогтвортой хөгжлийг дэмжих маш энгийн, үр дүнтэй арга зайлшгүй мөн билээ.

Та шүүгээгээ цэгцлэхдээ бэлэн үү?

 

Room24.mn платформын оюуны хандивлагч, нийтлэлч З.Зоригт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.