Д.Номин-Эрдэнэ: Эх орон гэдэг бид нарын зугтах ёстой асуудал биш, засах ёстой орон гэр

Д.Номин-Эрдэнэ: Эх орон гэдэг бид нарын зугтах ёстой асуудал биш, засах ёстой орон гэр

Д.Номин-Эрдэнэ 23 настай, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр энэ жил гадагшаа суралцахаар яваад, тэндээ амьдаръя гэж бодож байв. Харин “Огцрох амархан” жагсаал түүнд эх орондоо үлдэх хүсэл тэмүүллийг өгчээ. “Энд үлдэх итгэл найдвар байна уу үгүй юу, шууд зугтаад явснаас тэмцээд үзье гэж бодоод өөрийнхөө төлөө жагссан” хэмээн тэрбээр жагсаалын хаалтын үйл ажиллагааны үеэр онцолсон. 

“Энэ бол зүгээр нэг жагсаал байгаагүй. Эх орноосоо явах гэж байсан, итгэл найдваргүй болсон, эсвэл гадаадад байгаа, ирж чадахгүй олон залуусын итгэл найдвар, дуу хоолой энэ жагсаалтай хамт байсан. Эх оронч гэдэг үгийг дахин тодорхойлж, энэ үгний үнэ цэнийг аварсан. Ард түмнээ хэтэрхий их басамжилбал огцрох амархан шүү гэдгийг ганц Л.Оюун-Эрдэнэд биш Монголын бүх улстөрчдөд сануулсан сануулга боллоо. Эх орон гэдэг бид нарын зугтах ёстой асуудал биш, бид нарын засах ёстой орон гэр юм аа” хэмээн Д.Номин-Эрдэнэ хэлэхэд цугласан залуус алга ташин дэмжих аж.

Ийнхүү 22 хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаал залуусын улс төрийн идэвх, оролцоог шинэ түвшинд хүргэв. Эдүгээ Монголын гурван хүн тутмын нэгийг бүрдүүлж буй 15-34 насныхан бол ардчилсан нийгэмд төрж өссөн, шинэ үеийн төлөөлөл билээ. Тэд дэлхийн түвшинд сэтгэж, илүү харилцаа холбоо, зоригтой дуу хоолойгоороо ялгарч байна. Хамгийн гол нь сонгуулийн ирцээр сүүл мушгиж ирсэн залуусын улс төрийн оролцоо сэргэснийг бид харлаа.

“22 хоног энд сууснаараа би хэрхэн ардчилсан улсын хариуцлагатай иргэн байх түргэвчилсэн практик сургалтад суусан гэж бодож байна” хэмээн Д.Номин-Эрдэнэ хэлсэн. “Биднийг загасны ой санамжтай гэж дандаа басамжилдаг. Бид загасны ой санамжгүй. Дараа дараагийн сонгуулиар ямар байх вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Ардчиллын хоёр багана байдаг юм байна. Эхнийх нь сонгууль, сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Хоёр дахь нь жагсаал юм байна. Улстөрчид ямар шийдвэр гаргаж байна гэдгийг бид байнга ажиглаж байх ёстой юм шүү” хэмээн тэрбээр онцолсон. 

Соёлын өөрчлөлт

Жагсаалын эхний өдрөөс л тайван, хүчирхийлэлгүй байхад уриалан дуудаж, олон нийтийг сууж жагсах дадалд чиглүүлсэн хүн бол М.Өүлэн. “Эхлээд миний үгэнд ороод суудаг хэн байх билээ гэж бодож байсан. Гэтэл хүмүүсийн хандлага төсөөлснөөс эерэг байлаа” хэмээн тэрбээр хэлсэн.  

“Тайван жагсах нь хоёр дахин илүү үр дүнд хүргэдэг. Хүн амын 3.5 хувь нь нэгдэн нийлэхэд өөрчлөлтийг тайван замаар бий болгох боломжтой гэдэг тоо баримтууд бий. Тайван жагсаал өөрийн гэсэн шаардлагуудтай, тэрэндээ хүрч болдог юм байна гэдгийг практик дээр харж байгаадаа маш их баяртай байна. Энэ болгоныг бодитой болгоход хувь нэмэр оруулсан жагсагч нартаа маш их баярлалаа” хэмээн М.Өүлэн тэмдэглэв. 

“Жагсаал цуглаанд хүмүүс итгэхээ больсон байсан. Төлбөртэй оролцдог, аль нэг талаас зохион байгуулдаг, эсвэл далд зорилготой байдаг гэсэн хандлага хүчтэй тогтсон байсан. Энэ бүхнээс болж иргэд эрх чөлөөгөө хамгаалах хамгийн хүчтэй механизм болох жагсаал цуглаанд оролцох итгэлээ алдсан байв. Харин энэ удаагийн тайван жагсаал тэр итгэлийг сэргээж чадлаа. Энэ бол цаашдаа үлдэх хамгийн том соёлын өөрчлөлт” хэмээн Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал хэллээ. “2019 оны цар тахлын үеэр тогтсон айдас дээр суурилсан дэглэмийг бид үндсэндээ өчигдрөөр нураалаа. Ковидын нэрийн дор хүний эрхийг хязгаарлаж, айдсаар удирдах боломжтой гэсэн ойлголт, түүнийгээ дагасан систем тогтчихоод байсан. Ковид дууссан ч тэр дэглэм үргэлжилсээр байсан. Харин бид өчигдөр түүнийг зогсоож чадлаа” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Ийнхүү 22 хоног үргэлжилсэн тайван жагсаал гурван шаардлагадаа хүрч чадлаа. 

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноор иргэд жагсаж, өөрчлөлт авчирч чаддагийг бодитоор харууллаа. “Дараагийн Ерөнхий сайдад энд жагсаж байгаа хүмүүсийн хүсэл зоригийг илэрхийлсэн уриалга, санамж цахимаар хүргэнэ. Энэ нь шаардлага биш. Иргэд юу хүсэж, юуг хүлээж, ямар хөгжил мөрөөдөж байгааг харуулсан дохио болно. Хэрэв энэ бүхнийг ойлгохгүй бол огцрох амархан. Тийм л жишиг тогтож байна. Тиймээс иргэдээ чи хэн юм бэ, хэмжээндээ байгаарай гэдэг хүн гарч ирэхгүй байх гэж бодож байна” хэмээн М.Энхбадрал хэлсэн.

Хоёрдугаарт, жагсаал Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж, парламент хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн чуулганы үеэр “Парламентын тогтолцоог төлөвшүүлэхийн тулд олонх, цөөнх болсон намууд шийдэл шийдвэрээ эрүүл саруулаар мэтгэлцэж ярилцах өрсөлдөөний талбарыг бий болгох ёстой. Хэрвээ парламент дотор сөрөг хүчин байхгүй болчихвол, парламент дотор байгаа улс төрийн намууд өөр хоорондоо эвсээд, нэгдээд явчих юм бол хэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, хэн хяналт тавьж, хэн хариуцлага тооцох юм бэ? Парламентын гадна байгаа ард түмэн чинь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болчихож байгаа юм биш үү?” хэмээн голыг нь олж хэлсэн. “Огцрох амархан” жагсаалын үеэр Ардчилсан Нам засгаас гарснаар парламентын дотоод хяналтыг хэрэгжүүлэх хүчтэй сөрөг хүчин сая л нэг юм бий болов. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулснаас хавьгүй том ололт амжилт боллоо.

Гуравдугаарт, “Огцрох амархан” жагсаалын үеэр Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байгаа талаар янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл жагсагчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн. Энэ шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, “Хүн биш, хууль засаглах ёстой” хэмээн онцлон хэлсэн нь тэмдэглүүштэй үйл явдал байлаа.

Дараагийн алхам 

Хуульд зааснаар УИХ нэг сарын дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Томилогдсон Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, ажилдаа орох юм. Монгол Улс 35 жилийн турш төр, засгийн жолоог нэг эрийн гараас нөгөөд шилжүүлсээр ирсэн билээ. Гүйцэтгэх засаглалыг эмэгтэй хүнд даатгаж үзэх цаг ирснийг Room24.mn онцлон бичиж байсан. Тиймээс бид энэ сэдвийг үргэлжлүүлж, “Өрөөний асуулт” булангаа дараах асуултаар эхлүүлж байна:

“Эмэгтэй Ерөнхий сайдтай болох цаг ирсэн үү? Яагаад?”

Та юу гэж бодож байна? Саналаа коммент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл 150–300 үгтэй хариултаа Munkhchimeg@room24.mn мэйлээр явуулна уу. Бид Таны хариултыг нийтлэх болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.