Улс төрийн мэдээлэл харилцааны магистр
Эмэгтэйчүүд ЭР зориг гаргах цагт анхнаасаа “дүрмийн бус” байсан Хамтарсан Засгийн газар “дүрмийн дагуу” огцров. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр олон нийт зөвхөн шийдвэрт анхаарал хандуулаагүй. Тэд УИХ-ын гишүүдийн сонгогчдоо төлөөлөх чадамж, байр суурь, мөн чанарыг давхар таньж харлаа. АН-ын эмэгтэйчүүд зоригтой, дайчин чанараа харуулсан бол МАН-ын эмэгтэйчүүд дотор намын даргаа дэмжих, өмөөрөх нь байсан ч Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, О.Номинчимэг зэрэг гишүүн өөрийн үзэл бодлоо тууштай илэрхийлж байв. Ер нь эмэгтэй гишүүд асуулт, саналаа хамгийн логиктой, цэгцтэй гаргаж тавьснаараа ялгарч байна.
Ерөнхий сайдын дуулианы дэргэдүүр ХҮН намын дотоод асуудал олны анхаарлыг татсан. УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас эхэлсэн энэ давалгаа ХҮН намын А.Дөлгөөн, Б.Мөнхсоёл гишүүний үг, мэдэгдлээр үргэлжилсэн. Б.Мөнхсоёл гишүүний байр суурьт намын даргын зүгээс өгсөн хариу хүйс дээр нь дөрөөлсөн өнгө аястай байсныг олон хүн шүүмжилсэн. Учир нь энэ бол зүгээр нэг эмоци биш. Олон сарын дарамт, дотоод зөрчлийг тэвчиж ирсэн ХҮНий тэсрэлт байв.
Энэ бүхэн эмэгтэйчүүдийн ялгарлыг тод харууллаа. Тэд шударга бусыг тэвчилгүй, шүгэл үлээж, ЭР зориг гаргаж, зөв рүү тэмүүлж байна. Энэ жинхэнэ манлайлал биш гэж үү? ЭР зориг гэх үг зөвхөн эр хүйст хамаатай байхаа болиод уджээ. Зориг гаргах бүрд эмэгтэйчүүд рүү илүү олон сум чиглэдэг нь үнэн. Тиймээс бид ЭР зориг гаргасан ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ бамбай болж, хүч нэмэх цаг болжээ. Монгол Улс эмэгтэй Ерөнхий сайдтай болох цаг нэгэнт ирж.