Хуульч, өмгөөлөгч
“Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо” гэсэн мэдээ гарвал ард түмэн юуны түрүүнд “Нөхөр нь ямар хүн байдаг бол?” хэмээн сонирхох нь лавтай. Харин “Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо” гэвэл “Нөхрийг нь хэн гэж дуудах вэ?” зэрэг сонирхолтой асуултууд хөврөх болов уу. Энэ бүхэн бидний дунд хүйсийн талаарх хүлээлт, хэвшмэл ойлголт ямар бат суусныг илтгэнэ.
Гэвч Монгол Улс эмэгтэй Ерөнхий сайдтай болох цаг аль хэдийн ирсэн. Ардчилал, хүний эрх, тэгш боломжийг эрхэмлэдэг улсад удирдлагын түвшинд жендэрийн тэнцвэр хангагдаж байх нь зайлшгүй шаардлага болсон. Монголын нийгэмд эмэгтэйчүүд боловсрол, мэргэжлийн ур чадвар, манлайллын чадвараараа олон салбарт тэргүүлж, хүндлэл хүлээж буй ч төрийн эрх барих дээд түвшинд оролцоо нь хязгаарлагдмал хэвээр байна. Үүнийг бид ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд ямар ч эмэгтэй Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчтэй байгаагүйгээс харж болно. Өнөөдөр туршлагатай, хариуцлагатай, иргэдийн дуу хоолойг сонсдог, тогтвортой хөгжлийн төлөө зоригтой шийдвэр гаргах чадвартай эмэгтэй улстөрчдийн шинэ үе бүрэлдэн бий болсон. Эмэгтэй манлайлагчид илүү олон нийтийн оролцоонд суурилсан, эв нэгдэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь дэлхийн олон орны туршлагаас харагдаж байна. Монгол Улс эмэгтэй Ерөнхий сайдтай байх эсэх нь зөвхөн жендэрийн тухай асуудал биш, харин чадавх, ёс зүй, хариуцлагын тухай асуудал юм. Тиймээс дан хүйс бус, чадвар, үзэл баримтлал, улс оронд оруулах хувь нэмэр дээр тулгуурлан удирдагчийг сонгох цаг хэдийн ирсэн. Хэрэв удирдагч нь эмэгтэй хүн байвал Монголын ардчилал шинэ шатанд гарсны илрэл болох буй заа.