Урам зориг, мэдлэгээр дүүрэн “Монголын иогийн фестиваль 2025”

Урам зориг, мэдлэгээр дүүрэн “Монголын иогийн фестиваль 2025”

Монголын иогчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль 2025” арга хэмжээ “BlueSky hotel & tower” зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Энэхүү фестиваль нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, хүмүүсийг идэвхтэй амьдралын хэв маягт уриалах, иогийн тухай зөв мэдлэг түгээх зорилготойгоор тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм.

Фестивалийн нээлтэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын Иогчдын холбооны тэргүүн Б.Туул нар оролцлоо.

Фестивалийн хүрээнд хоёр өдрийн турш энэтхэг, америк, вьетнам болон монгол 30 гаруй багш бясалгал, амьсгал засал, эрүүл хоол зүй, иогийн философи зэрэг 38 төрлийн хичээл, мастер классыг зохион байгуулсан бөгөөд оролцогчид анхан, дунд, ахисан болон эмчилгээний түвшний хичээлүүдийг өөрийн хэрэгцээ, түвшинд тохируулан сонгон оролцлоо.

Мөн зөв амьсгалын техник, дууны анагаах засал, монгол уламжлалт бясалгал зэрэг үндэсний болон олон улсын онцлог бүхий хөтөлбөрүүд олны сонирхлыг ихэд татсан юм.

“Монголын иогийн фестиваль 2025” арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагаа, биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, урам зориг, эрч хүчээр дүүрэн арга хэмжээ боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.