30 хувийн хүлээлт

30 хувийн хүлээлт

Гэрэл зургийг: MPA.mn, "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн нээлттэй сан  

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо. Ийнхүү төр, засгийн жолоог нэг эрийн гараас нөгөө эрийн гарт атгуулсаар 35 жилийн нүүр үзэв. Одоо яах вэ? Засгийн газрын бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг шаардах л үлдлээ.

МАН-ын гишүүд шинэ Ерөнхий сайдад Засгийн газрын томилгоо, бүрэлдэхүүнийг тогтоохдоо 30 хувийн хүйсийн квот баримтлах санал бүхий албан бичиг хүргүүлсэн тухай УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлсэн. Энэхүү албан бичигт улс төрийн нам үл харгалзан 126 гишүүнээс 51 нь гарын үсэг зуржээ. Тэдний 29 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байснаас үзэхэд жендэрийн тэгш байдлыг зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэй гишүүд ч дэмжиж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

“Хэрэв 23 сайдын 30 хувь гэвэл 5-6 эмэгтэй сайдтай байх боломжтой. УИХ-ын гишүүн болон гишүүн биш хүмүүсээс кабинет бүрдэж болно. Та бүхэн санаж байвал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ анх кабинетаа бүрдүүлэхдээ томилсон эмэгтэй сайд нар бүгд УИХ-ын гишүүн биш байсан. Аль ч хувилбар байсан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх хэрэгтэй. МАН-ын 60 гаруй хувийг эмэгтэй гишүүд эзэлдэг. Тэдний идэвх оролцоо, ур чадвар хаана ч гологдохгүй. Аль ч салбарт ачаа үүрэх бүрэн чадамжтай” гэсэн.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийн 15-аас доошгүй хувийг нэг хүйсийн төлөөлөл бүрдүүлэх заалттай. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ердөө гурван эмэгтэй сайд байсан нь 13 хувийг бүрдүүлж байв. Энэ нь хуулиа хэрэгжүүлээгүй ирснийг, мөн хүйсийн квотыг “босго” биш, “тааз” мэт харж томилгоо хийх дадалтай болсныг илтгэх үзүүлэлт билээ.

 

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт

Монголд шинэ Ерөнхий сайдаа томилохтой зэрэгцэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо ухарч буйг онцолсон шинэ тайланг нийтэлжээ.

“Улс төр дэх эмэгтэйчүүд: 2025” тайлангаас үзэхэд дэлхийн 27 улсын төр, засгийн тэргүүнээр эмэгтэй хүн ажиллаж байгаа нь таван жилийн өмнөх 21 улсаас өссөн хэрэг. Гэвч 103 улс түүхэндээ нэг ч удаа эмэгтэй хүнийг төр, засгийн дээд албан тушаалд томилж байгаагүй хэвээр байгааг энэхүү мэдэгдэлд онцолжээ. Мэдээж Монгол Улс үүнд багтана.

Үүний зэрэгцээ, дэлхийн хэмжээнд сайд нарын 22.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь 2024 онд бүртгэгдсэн 23.3 хувиас буурсан байна. Энэхүү үзүүлэлт түүхэнд анх удаа уруудсаныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд онцолжээ.

Үүний зэрэгцээ, жендэрийн тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй (50-иас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлсэн) засгийн газруудын тоо өнгөрсөн жилийн 15-аас энэ жил ес болон цөөрсөн бол нэг ч эмэгтэй сайдгүй орнуудын тоо долоогоос ес болж өссөн байна.

“Оролцоог хангасан шийдвэр гаргах үйл явц хамгийн хэрэгтэй байгаа энэ эгзэгтэй үед бид эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалд ухралт гарсны гэрч боллоо,” хэмээн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус онцолжээ. “Эмэгтэйчүүд өндөр түвшний манлайллаас хасагдах үед бид бүгд хохирдог. Жендэрийн тэнцвэртэй удирдлагаас үүдэн бий болдог шударга, хариуцлагатай засаглал биднээс алсарч байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Иймд, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага улс орнуудын засгийн газар, улс төрийн манлайлагчдад хандан дараах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг уриалжээ. Үүнд:

  • Улс төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох
  • Хүйсийн квот зэрэг түр хугацааны тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх
  • Улс төр дэх хүчирхийллээс хамгаалах тогтолцоо бэхжүүлэх

“Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд бүрэн, тэгш, утга учиртай оролцох нь зөвхөн шударга ёсны асуудал биш юм. Энэ бол Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын амлалтыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл. Амлалтаа бодит үйлдэл болгох цаг ирлээ” хэмээн Бахус мэдэгджээ.

Ташрамд сонирхуулахад, Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувьд хүрсэн есөн орны дунд Финланд, Исланд, Эстони, Испани, Их Британи зэрэг аз жаргалын индекс, хүний эрх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтээр ч дэлхийд тэргүүлж байгаа улс орнууд багтжээ. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр 181 орноос 106 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

“Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, АРД ТҮМНИЙ төлөө ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Энэхүү амлалтыг биелүүлэх нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиа дагаж мөрдөхөөс эхлээд УИХ-ын гишүүдийнхээ хүсэлтийг хэрэгжүүлэхээс эхлэх болов уу.

Одоо хүлээх л үлджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.