Өөрийгөө олох нь: Тэнцвэрийг бус төвлөрлийг хай

Өөрийгөө олох нь: Тэнцвэрийг бус төвлөрлийг хай

“Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг, ухаалаг эмэгтэй байдаг” гэдэг үг бий. Тэгвэл амжилттай эмэгтэйн ард хэн байдаг вэ. Мэдээж сайн хань ижил, сайн үр хүүхэд, эцэг эх, хамтран ажиллагч өөр хэн ч байж болно. Гэхдээ л нийгэмд “Амжилттай эмэгтэйн ард ….байдаг” гэдэг үг одоогоор лав алга. 

Бидний олонх нь энэ үгийг хувь, хувьсгалын цаг хугацаагаа тэнцүүхэн хуваарилаад явдаг нэгэн гэж тодорхойлж мэднэ. 

Сурталчилгааны бүтээлүүдэд ч бас ийм дүр зураг явдаг даа. Цэмбэгэр бүсгүйн өөгүй амьдрал албан тасалгаа, ар гэртээ ч яг л ижил өнгөтэй. Гэвч энэ бол зориудаар хийж урласан арилжааны дүрс гэдгийг мартав аа. 

Тэгвэл олон улсын бестселлер бүтээл “Бүсгүй минь уучлал гуйхаа боль” номын зохиолч, манлайллын подкастаараа хэдийнэ дэлхийн бүсгүйчүүдийн сайн найз болсон Рейчелл Холлис эрч шулуухнаар “Миний амьдрал хэзээ ч тэнцвэртэй байгаагүй” гэж хэлсэн нь бий. Тийм ээ, та буруу уншаагүй. Тэр хэзээ ч тэнцвэртэй байгаагүй. 

Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа тэнцүүлэхийг оролдох тусам бид шантарч, хүрээгүй төлөвлөгөө, биелүүлээгүй зорилгынхоо боол нь болж, улмаар дорхноо буугаад өгөх шалтаг болдог хэмээжээ. 

Ар гэрийн амьдрал, ажил дээрх харилцаа хэзээ ч тэнцвэрт орших боломжгүй аж. Жишээ нь, та хэчнээн хичээсэн ч хүүхдээ ганц удаа ханиад хүргэлгүй өвлийг давж байсан удаа бий юу. Эсвэл хэчнээн зүтгээд ч зорьсон төслөө хуанли дээрх өдрүүдэд багтааж амжсан нь хэд вэ. 

Амьдрал, хүмүүсийн харилцаа google map шиг амархан байсан бол дээрх олон бодлын хэрэг байхгүй л дээ. 

Тэгэхээр бодит амьдрал, болзолт төсөөлөл хоёр газар тэнгэр шиг ялгаатай байхад эмэгтэй таныг оргилд хүргэхийн тулд тэнцвэр яагаад ч туслахгүй нь. Үр хүүхэд, хань ижил, хамтран ажиллагчид чинь ч хэзээ ч таны хүссэн тэнцүүгийн тоонд хүрэхгүй. 

Танд туслах цорын ганц зүйл нь төвлөрөл. Үүнийг та Рейчелийн номноос бэлхнээ уншиж болно. Та хаана ч төвлөрөөд сурчихвал хүсээд байгаа өөрийгөө оллоо л гэсэн үг. Олны хөлтэй уушийн газар, чимээ шуугиант кофе шоп гээд хаа явсан газартаа төвлөрөөд, төсөл болгоноо “шууруулдаг” зантай болчихвол та босс эмэгтэй болох нь маргаангүй.

Асуултын тэмдэгтэй бодол бүхнээ бичээд үз. Нэг нэгээр нь биш, бүгдийг нь жагсаагаад, нэг дор хараарай. Дараа нь тэдгээрт санаа зовох шаардлагатай эсэхийг өөрөөсөө асуу. Хариултыг нь таны дотор байгаа тэр эмэгтэй мэдэж байгаа. Тэр танд бүх боломжит хувилбаруудыг хэлж өгөхөд бэлэн байна. 

Амжилттай яваа эмэгтэйн ард тэнцвэр биш харин төвлөрөл бий. Асуудлыг шийдэх арга замыг олсон мэргэн ухаан бий. Хайртай бүхнийхээ төлөө гэсэн агуу сэтгэл бий. 

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.