Хоосон тоогоор аргацаах уу, бодит үйлдэл шаардах уу?

Хоосон тоогоор аргацаах уу, бодит үйлдэл шаардах уу?

Гэрэл зургийг: Mpa.mn, "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн нээлттэй сан

Өнөөдөр олон улсын парламентын өдрийг “Үйлдэл, үйлдлээр жендэрийн эрх тэгш байдалд хүрэх нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэхдээ парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, Ази тивдээ тэргүүлэх улсуудын нэг болсноо онцлов. Одоо болно оо. Үүнийг бид бүтэн жилийн турш ахин дахин сонссоор байгаад бүр улиг боллоо. Үнэндээ парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр манайх Азийн дундаж үзүүлэлтээс давсан боловч тэргүүлээд байгаа юм байхгүй. Манай УИХ-ын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаар бид 181 орноос 94-т жагсаж байна. Үүний зэрэгцээ, Засгийн газар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотоо ч биелүүлэлгүй, хоёрхон эмэгтэй сайдтай байгаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс урагшлах бус, ухарч эхэлснийг гэрчилнэ.

Түүнчлэн, энэ өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Олон улсын парламентын холбооноос санал болгосон гурван чухал мессежийн хоёрыг нь Д.Амарбаясгалан дарга орхигдууллаа. Тэр нь  институцуудыг жендэрийн мэдрэмжтэй болгох, мөн жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохтой холбоотой байв. Эдүгээ Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа. Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх механизм бүрдээгүйн зэрэгцээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасаж, цалингийн зөрүү ихэссээр байна. Төрийн албан хаагчдын дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо дутсан хэвээр. Энэ бүхнийг шийдвэрлэхэд УИХ хэрхэн анхаарч байна вэ гэдэг асуултад Д.Амарбаясгалан дарга хариулт өгөх хэрэгтэй байв.

Ташрамд сонирхуулахад, төлөөллийн ардчилал, энх тайваныг дэмжих зорилгоор 1889 оны зургаадугаар сарын 30-нд Францын Парис хотод олон улсын парламент хоорондын уулзалтыг анх удаа зохион байгуулснаар Олон улсын парламентын холбоо бий болжээ. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Эдүгээ 181 гишүүн орны үндэсний парламентыг нэгтгэсэн тус байгууллага ардчилал, энх тайван, хүний эрх, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоо, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн чиглэлээр парламент хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа юм.

Манай улс 1962 онд ОУПХ-ны гишүүнээр элссэн бөгөөд УИХ-ыг жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлээр 2022-2026 онд тус холбоотой Хамтран ажиллах санамж бичигт 2022 оны наймдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан байдаг. Үүнийг ажил хэрэг болгоход хууль эрх зүйн орчныг сайжруулж, УИХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлсэн нь чухал алхам байсан уу гэвэл мэдээж тийм. Гэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг юм л бол УИХ-ын эмэгтэй гишүүд олширсон гээд байж болохгүй. Иймд, Room24.mn платформын зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн “тоо”-гоор үнэлэхээ зогсоож, бодит өөрчлөлтөд чиглэсэн үйлдэл, үүрэг хариуцлагыг шаардах хэрэгтэйг дахин сануулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.