Хольж үл болох хүнс

Хольж үл болох хүнс

Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс дотор хооронд нь хольж хэрэглэхэд зохисгүй, эрүүл мэндэд таатай бус хүнс цөөнгүй бий. Тэдгээрийг удаан хугацаанд хамтад нь хэрэглэвэл бодисын солилцоог удаашруулж, эрдэс бодисын дутагдалд оруулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах магадлалтай. Иймээс өдөр тутмын хоол хүнсний орц найрлагадаа хамтад нь оруулахгүй, 30-60 минут дотор ар араас нь идэж хэрэглэхгүй байх нь зөв зохистой хооллох дүрмийн нэг чухал алхам болохыг санаарай. 

СҮҮ, ЦАГААН ИДЭЭ  БА  МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТӨРӨЛ БҮРИЙН ЦАЙНЫ УРГАМЛУУД ХООРОНДОО ЗОХИЦДОГГҮЙ 

Монголчуудын хоол хүнсэнд мах махан бүтээгдэхүүн өндөр ач холбогдолтой  шимт нэгдэл юм. Гэвч махыг сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хамтад нь хэрэглэснээр энэхүү ашиг тус нь багасдаг. Маханд агуулагддаг төмрийн өндөр агууламжийн шимэгдэлтийг сүү, сүүн бүтээгдэхүүн 50 хүртэлх хувиар сааруулдаг сул талтай. Мөн сүү цагаан идээнээс авдаг кальцийн шимэгдэлтийг мах махан бүтээгдэхүүн 50-90 хувь хүртэл багасгах боломжтой. Харш хүнс гэж байдаг бол сонгодог утгаараа мах сүү хоёр гэж зүйрлэж болохоор. Үүнээс гадна цай, төрөл бүрийн цайны ургамал багтана. 

Цай хэдийгээр таатай сайхан үнэр амттай, бидний өдөр тутамдаа хэрэглэж дадсан, дуртай ундаа мөн ч мах, сүүтэй  хамт хэрэглэх нь хэзээд буруу байсаар иржээ. Учир нь цайны ургамалд байх танин гэх бодис маханд агуулагдах гол бичил шим тэжээл болох төмрийн шингэлтийг  90 хувь хүртэл бууруулаад зогсохгүй сүүнд байх кальцийг ч мөн тэр зэргээр багасгах эрсдэлтэй. 

Бидний дуртай сүүтэй цай, банштай цай тэгэхээр ашиггүй хоол болж таарав уу? 

Сүүнээс бид өдөр тутмын бодисын солилцоонд шаардлагатай кальциа нөхдөг. Гэвч сүү хэдийгээр кальци өндөртэй ч цайтай холилдчих л юм бол ашиггүй. Мөн мах хэдий биед шаардлагатай төмрөөр баялаг ч цай л хамт хэрэглэх юм бол ашиг тус нь багасчихна. Тэгэхээр банштай цай хоорондоо таарч тохирдоггүй супер гурван хүнсийг хамт багтаасан эд болж таарах нь ээ. Мөн хоолоо шингээе гээд мах идсэний дараа ногоон цай хандлаад уух нь буруу дадал болохыг мэдээд авууштай. Банштай цай сайхан ч байнга хэрэглэх хоол биш. Долоо хоногт хий хуйгаа дарах хүслээр нэг удаа хэрэглэхэд бол асуудалгүй.

Ер нь сүү махны хэрэглээ өндөртэй мөртлөө Монголчуудын дунд төмөр, кальцийн дутал жилээс жилд нэмэгдсээр байгаад энэхүү зохисгүй хооллолт хувь нэмэр оруулж буй. Бид төмөр, кальцийн архаг өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд түүнээс үүдсэн цус багадалт, ясны сийрэгжилт, дархлааны системийн хямралд  хүндээр өртөж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.  

Төмөр, кальци бол хүний биеийн дулааныг зохицуулдаг, энергийн үүсэлд оролцдог бөгөөд ясны чанарыг шууд тодорхойлж, өсөлт хөгжлийг хангах, дархлааны урвалд голлох байр суурьтай оролцдог бичил шим тэжээл юм. Эдгээр бичил шим тэжээлээр хамгийн баялаг хоёр хүнсээр Монгол орон баялаг, монголчуудын хэрэглээ өндөр боловч хольж хэрэглэж болохгүйг төдий л ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй байгаагаас асуудал үүссээр байгаа билээ. 

Өвөлжин ханиад хүрч байгаагийн нэг шалтгаан бол төмөр, кальцийн дутал яах аргагүй мөн. Эдгээр бичил шим тэжээлийг эм уугаад нөхөх нь таатай арга биш бөгөөд ердөө хоол хүнсэндээ багахан анхаарахад шийдэх боломжтой.

Сүү хэмээх байгалийн сайхан хүнснээс кальцийг нь биедээ авахгүй бол харамсалтай. Халуун сав халуун саваар нь ууж буй сүүтэй цай бол кальцгүй, ердөө л цагаан өнгөтэй ундаа гэдгийг танин мэдээд, хэрэглээгээ өөрчлөх арга замыг хэрэгжүүлэхэд болохгүй юу байх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.