7 БАРИМТ: Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдал

7 БАРИМТ: Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдал

Хүн бүр ялгаварлан гадуурхалт, айдасгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Энэ эрхийг хүндэтгэж, эрх тэгш байдлын үнэ цэнийг нийгэмд төлөвшүүлэхийг уриалдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” 14 дэх жилдээ болж, Өнөөдөр “Тэгш эрхийн төлөөх” алхалт боллоо.

Иймд  Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг хөндсөн судалгаа, баримтжуулалтын үр дүнгээс хуваалцаж байна.

1. ЛГБТ Төв сүүлийн 4 жилийн хугацаанд нийт 56 эрх зүйн баримтжуулалт хийсэн.

Эрх зөрчигдсөн, ялгаварлан гадуурхсан, дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөн зэрэг тохиолдлыг хууль, эрх зүйн хүрээнд ашиглах боломжтой баримт болгон системтэйгээр бүртгэж, хадгалах үйл явцыг ЛБГТ төвийн эрх зүйн хөтөлбөр хийж байна. ЛГБТ төвийн танилцуулсан 38 эрх зүйн баримтжуулалт нь 2025–2026 онд хийгдсэн бөгөөд дараах төрлийн кейсүүдийг хамарчээ. Үүнд:

  • Хувийн мэдээлэлд халдсан кейс
  • Цагаачлал болон гадаад улсын виз мэдүүлэгтэй холбоотой кейс
  • Эрүүл мэндэд хохирол учруулсан кейс
  • Заналхийлж, сүрдүүлсэн кейс
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой кейс зэрэг багтсан байна.

2. ЛГБТИК+ залуусын 57% нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлын улмаас нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авахаар хандаж байна.

Youth LEAD Mongolia (YLM) НҮТББ нь ЛГБТИК+ олон нийт болон ХДХВ-ын залуу зорилтот бүлэгт ээлтэй хүртээмжтэй, хүний эрхийн мэдрэмжтэй нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Тус байгууллагад нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авахаар хандаж буй хүмүүсийн 63.3 хувь нь 18–24 насны залуус байна. Харин тэдний 57 гаруй хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлын улмаас үйлчилгээ авчээ.

Залуусын тусламж хүсэхэд хүргэж буй нийтлэг шалтгаанд амиа хорлох бодол, бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл гутрал, түгшүүр, гэр бүлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх, хүйс, бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаатай холбоотой стресс, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, дарамт зэрэг асуудлууд багтсан байна.

3. ЛГБТИК+ олон нийтийн 20 хүн тутмын ойролцоогоор 1 нь амиа хорлох эрсдэлтэй байна.

Youth LEAD Mongolia ТББ-ын энэ онд танилцуулсан нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний тоймд дурдсанаар, тус байгууллагад үйлчилгээ авахаар хандаж буй хүмүүсийн 5 хувь нь амиа хорлохтой холбоотой асуудлаар ханджээ.

4. Транс олон нийтийн 96% гаруй нь транс байдлаасаа болж өөртөө бие махбодын болон сэтгэл зүйн гэмтэл учруулж байсан.

Монгол улс дахь транс олон нийтийн нөхцөл байдлын баримтжуулалтаас үзэхэд транс олон нийтийн ойролцоогоор 10 хүн тутмын 9 нь амьдралынхаа аль нэг үед  транс байдлаасаа болж сэтгэл зүйн болоод бие махбодын гэмтэл өөртөө учруулж байсан нь судалгаагаар батлагджээ.

18 настай Транс эмэгтэй хэлэхдээ: “Би хамгийн сүүлд 2 сарын өмнө гэртээ нойрны эм (melatonin) ууж амиа хорлох оролдлого хийж бүтэлгүйтсэн. Түүнээс 1 жилийн өмнө 2023 оны 11 сард хурдтай авто машины өмнүүр орж амиа егүүтгэх оролдлого хийж бүтэлгүйтсэн. 2023 оны 9 сард өдрийн цагаар нойрны эм (sweet dreams) ууж амиа егүүтгэхийг оролдож бүтэлгүйтсэн. 2024 оны 12 сард судсаа ханахыг оролдсон.” гэжээ.

5. Транс олон нийтийн 60.9% нь ойрын хүрээллээсээ сэтгэл зүйн болон бие махбодын гэмтэл авч байсан.

Транс олон нийтийн талаас илүү хувь нь гэр бүл, найз нөхөд, анги хамт олон зэрэг ойр орчны хүмүүсээсээ хэзээ нэгэн цагт бие махбодын болон сэтгэл санааны гэмтэл, дарамт авч байсан байна.

Судалгаанд оролцсон 26 настай транс эмэгтэй: “Би эмэгтэй найздаа нууцаа хуваалцсанаас болоод сургуулиасаа шилжиж, нэг жилийн чөлөө авч байсан. Энэ бүхнийг бичихээр хэцүү байна. Зүгээр л намайг ойлгох хэн нэгэнтэй ярилцаж, сэтгэлээ онгойтол уйлахыг хүсэж байна.”гэжээ.

6. Транс сурагчид өөрсдийн хүйсийн илэрхийллээсээ болж багш нарын зүгээс ирдэг олон төрлийн хүчирхийлэлд өртөж байна.

2023 онд “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс ЛБГТ төвтэй хамтран “Монголын сургуульд транс сурагч байх нь” чанарын судалгааг хийжээ. Тус судалгаанд 16–18 насны, өөрийгөө транс болон хүйсийн олон янз байдлаар илэрхийлдэг  хүүхэд, залуус оролцсон байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд сургуулийн орчинд транс сурагчдыг ялгаварлан гадуурхах хандлага багш нарын дунд ажиглагддаг бөгөөд үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоохын оронд үл тоомсорлох, улмаар өөгшүүлэх тохиолдол ч байна.

Мөн судалгаанд оролцогчид транс байдал болон хүйсийн илэрхийллээсээ шалтгаалан багш нарын зүгээс үг хэлээр доромжлох, бие махбодод халдах, бэлгийн дарамт үзүүлэх зэрэг олон төрлийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан талаар хуваалцжээ.

Судалгаанд оролцсон 16 настай транс хөвгүүн хэлэхдээ: “Дарамт мэдэрдэг зүйл маань ихэвчлэн багш нар л байдаг даа. Өнгөрсөн жилээс хойш би нэлээд өөрчлөгдөж, өөрийгөө илүү эршүүд байдлаар илэрхийлж эхэлсэн. Хүүхдүүдийн өмнө багшаар олон удаа доромжлуулсан. Чи чинь эмэгтэй хүүхэд биз дээ? Яагаад эрэгтэй хүүхдийн хувцас өмсөөд, эрэгтэй хүүхэд шиг аяглаад байгаа юм? Эмэгтэй л юм бол бусад эмэгтэйчүүд шиг цэвэрч, тус нэмэртэй байж сур. Байгаа байдал чинь заваан, замбараагүй, огтхон ч эмэгтэй хүн шиг биш байна, гэх мэт. Би маш их гомдож эмзэглэсэн” хэмээсэн байна. Үүнээс бид Сүүлийн 20 жилийн хугацаанд багш нар  ЛГБТИК+ сурагчдад хандах хандлагад төдийлөн эерэг өөрчлөлт гараагүй гэдгийг харж болохоор байна.

7. Эрүүл мэндийн боловсролын хичээлд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар тусгаж өгсөн нь сурагчдад өөрийгөө болон өөрийн асуудлыг ойлгуулахад ач холбогдолтой байна.

Эрүүл мэндийн боловсролын хичээлд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаарх агуулгыг тусгасан ньтранс сурагчдад ээлтэй, хүртээмжтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд хийсэн чухал алхам болжээ. Судалгаанд оролцсон сурагчид энэхүү агуулга нь өөрийгөө ойлгож, хэн болохоо танин мэдэхэд нь дэмжлэг болсон талаар хуваалцсан байна.

Баяр (транс хөвгүүн, 16 настай): “ЛГБТ хүмүүстэй холбоотой асуудлыг ганцхан эрүүл мэндийн хичээлээр дамжуулан 9 дүгээр ангид заадаг. Одоо бодоход тэр хичээл намайг хэн гэдгээ таньж мэдэж, тодорхойлоход тусалсан юм уу даа. КОВИД-19 цар тахлын үеэр орсон цахим хичээл байсан юм. Багш тухайн хичээлийн сэдвээр слайд танилцуулга бэлтгэн бидэнд өгч боломжтой цагтаа үзэх даалгавар өгсөн юм. Би тэр хичээлийг уншиж байгаад энэ тухай цааш дэлгэрүүлэн уншихыг хүсвэл энэхүү холбоос дээр дарна уу гэсэн бичиг байхаар нь дартал ЛГБТ Төвийн цахим хуудас руу орсон. Тэнд байгаа бүх зүйлийг би нэгд нэгэнгүй баяртайгаар уншсан. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, тэдгээрийн тодорхойлолт, тохиромжтой нэр томьёо гээд маш олон зүйл байсан” гэжээ.

Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг хөндсөн судалгаа, баримтжуулалтын үр дүнг дөрвөн байгууллагын төлөөлөл танилцуулж, тус  үйл ажиллагааг "Marriage Equality Coalition of Mongolia" ТББ -аас энэ сард захион байгуулсан юм.

Мэдээллийн эх сурвалж www. movement.mn

Тус судалгааг бүрэн эхээр уншихыг хүсвэл энд дарна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.