Зургийн эх сурвалж: freepik.com
Инфографикийн эх сурвалж: Тунгаахуй өгөгдлийн урлан
Бичил зээл гэж хэлэхэд таны толгойд хэний дүр бууж байна вэ? Хүүхдүүдээ харангаа өрхийн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд л биз? Харин энтрепренер гэхээр эрэгтэй хүн төсөөлөгддөг. Энэ нь бидний үнэлэмж, хандлага хаана гацаж байгааг илтгэнэ. Эмэгтэйчүүд зөвхөн бичил боломж, бичил амбийцаар хэмжигдэх учиргүй. Тэдэнд эдийн засгийг тэлэх чадвар, өсөх орон зай байгаа ч санхүүжилтийн хомсдол, ажил амьдралын тэнцвэр, танилын хүрээллийн дутмаг байдал гээд асар их саад байдгийг хэдийнэ тогтоосон. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй эмэгтэйчүүдийг “бичил” гэж харж байгаа бидний толгой доторх хэвшмэл ойлголт хамгийн том бэрхшээл болохыг сэтгүүлч, эмэгтэй бизнес эрхлэгчдийн талаарх хэд хэдэн бестселлер номын зохиогч Гейл Цемак Леммон TED-ийн индэр дээр илтгэл тавихдаа хэлжээ.
Тэрбээр дайн, хямралтай орнуудад бизнес эрхэлж байгаа манлайлагчдын талаар цуврал бүтээл хийхдээ хамгийн зоригтой, мятрашгүй хүмүүс зөвхөн эмэгтэйчүүд байдгийг илрүүлсэн аж. Хайртай хүмүүсээ хоолтой, хувцастай, аюулгүй байлгахын тулд эмэгтэйчүүд бизнесийн овсгоо самбаа гаргаж, амжилтад хүрсэн гайхалтай түүхүүдийг ном болгож гаргасан нь дэлхий дахинд мянга мянган уншигчдын хэвшмэл ойлголтыг халж байгаа юм. “Эмэгтэйчүүдэд зориулсан бичил зээл маш чухал. Гэхдээ бид бичил найдвар, бичил амбийцаас давж харах цаг ирсэн” хэмээн Леммон онцолсон.
Дэлхий дахинаа бичил бизнес эрхлэгчдийн үнэмлэхүй олонхыг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч томрох тусам тэдний орон зай хумигдаж байна. Тухайлбал, Fortune 500 компанийн 55 нь буюу 11 хувь нь л эмэгтэй гүйцэтгэх захиралтай. Монголд ч энэ хандлагыг ажиглаж болно. Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь л эмэгтэй удирдлагатай байгааг МҮХАҮТ-ын судалгаа харуулж байв. Тэгвэл яаж бичилээс жижиг дунд, тэндээсээ топ руу өгсөх замыг нээх вэ? Хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийг “зорилтот бүлэг” биш, “боломж” гэж харах цаг ирснийг Леммон хэлсэн юм.
Алдагдсан боломжоос авах сургамж
“McKinsey” судалгааны байгууллага бүр 2015 онд л эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог тэгшитгэж чадвал дэлхийн эдийн засгийг 2025 он гэхэд 12 их наяд ам.доллараар тэлж чадна гэсэн тооцоо гаргаж байв. Харамсалтай нь бид энэ боломжийг ашиглаж чадалгүй арван жилийг ардаа орхижээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексийн нэг гол шалгуур үзүүлэлт нь “Эдийн засгийн оролцоо ба боломж” байдаг. Энэхүү ялгаа жилээс жилд ялимгүй багасаж ирсэн ч тэгш байдалд хүрэхийн тулд дахиад 135 жил шаардлагатай. Хэдийгээр эдийн засгийн оролцооны ялгааг арилгасан ганц ч улс байхгүй байгаа ч үүнийг бид асуудал биш, боломж гэж харах хэрэгтэй байна. “Маш олон жилийн турш бид өөрсдийгөө үнэгүйдүүлж, бусдаар дутуу үнэлүүлж байсан” хэмээн Леммон хэлсэн юм. “Бид өөрсдийгөө харах өнцгөө өөрчилбөл бусад нь дагана. Бид бүгдийн хувьд томоор сэтгэж эхлэх цаг болжээ” хэмээн тэрбээр онцолсон. Эмэгтэйчүүдийг дэмжих нь буяны ажил биш, ашигтай хөрөнгө оруулалт гэдгийг батлах судалгаа, тооцоо ч хөвөрсөөр байгаа юм.
Тухайлбал, BCG (Бостоны консалтинг групп) эмэгтэйчүүдийн удирддаг старт-апууд хөрөнгө оруулсан нэг ам.доллар тутамд хоёр дахин их орлого олж байгааг судалж гаргасан. Тэгвэл Дэлхийн банкны тооцооллоос үзэхэд хөдөлмөр эрхлэлт болон бизнесийн орчинд жендэрийн ялгааг арилгаснаар дэлхийн эдийн засаг 20 хувиар өсөж, ойрын арван жилд ДНБ-ийн өсөлтийг хоёр дахин хурдасгах боломжтой. Товчхондоо, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих нь ашигтай, ирээдүйтэй, тогтвортой хөрөнгө оруулалт юм.
Энэ их боломжийг нээхийн тулд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа гурван төрлийн хомсдлыг шийдэх хэрэгтэй. Тэр нь мөнгө, цаг, урам зориг гурав билээ.
Мөнгө
Эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүжилтийн олон асуудал, бэрхшээлтэй нүүр тулдаг. Наад захын жишээ гэвэл үл хөдлөх хөрөнгө ихэвчлэн эрэгтэйчүүдийн нэр дээр байдгаас эмэгтэйчүүд банкнаас зээл авч, бизнесээ өргөжүүлье гэхээр барьцаа хөрөнгө дутдаг. Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” судалгааны үр дүнгээс үзэхэд эрэгтэйчүүд үндсэн сууцаа эзэмших тохиолдол эмэгтэйчүүдээс хоёр дахин их байгаа юм.
Бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдийн дийлэнхийг эмэгтэйчүүд удирддаг боловч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өгсөн зээл хүртэл эрэгтэйчүүдэд илүүтэй хүрч байсныг судалгаа харуулж байв. Мөн банк, санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн мэдээллийг тайлж уншвал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс хавьгүй их хэмжээний зээл итгэж, олгодог байгаа юм. Гэтэл зээлийн эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай ханддагийг ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ч хэлж байлаа.
Энэ нь зөвхөн Монголд биш, дэлхий даяар байдаг асуудал. Тиймээс засгийн газрууд эмэгтэй бизнес эрхлэгчдээ эхнээс нь дэмжих санхүүжилтийн механизм нэвтрүүлж байна. Ирландын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварын гарааны сан, Австралийн Эмэгтэй үүсгэн байгуулагчдыг идэвхжүүлэх санаачилга зэргийг энд дурдаж болно. Монгол Улсын хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас ХААН банкинд олгосон санхүүжилтийнхээ хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг олгох санаачилгыг дэмжсэн. Эдүгээ тус банкнаас дотоодын зах зээлд ЖЕНДЭР бонд гаргаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ажлаа эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Цаг
Амжилттай бизнес эрхлэгчдийн олонх нь 30-49 насандаа бизнесээ эхлүүлсэн байдаг. Харин эмэгтэйчүүд энэ насаа хүүхэд гаргах, асрахаас эхлээд ар гэрийн ажилд дарагдан өнгөрөөдөг нь нууц биш. Үндэсний Статистикийн хорооны Цаг ашиглалтын судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асрах мэтийн хөлсгүй хөдөлмөрт өдөр бүр дунджаар таван цаг зарцуулж байна. Харин эрэгтэйчүүд тэднээс 2.5 дахин бага буюу хоёр цагийг л хөлсгүй хөдөлмөрт зориулж байгаа юм.
Хэрвээ эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг мөнгөөр үнэлбэл ДНБ-ий 10-39 хувьд хүрэх тойм тооцоо бий. Энэ их хөдөлмөрийг бид хэрхэн бүтээмж болгож, эдийн засгийн өсөлтөө хурдасгах вэ? Ихэнх хөгжингүй оронд сургуулиуд бүтэн цагаар хичээллэж, гэрийн даалгавар бага өгдөг. Монголд ч ийм жишиг тогтоовол маш олон эмэгтэй цаг заваа цалинтай ажил хийх, бизнес эрхлэхэд зориулж болох юм.
Мөн айл өрхийн хэмжээнд эхнэр, нөхөр гэрийн ажлаа хуваалцаж хийвэл эмэгтэйчүүд илүү амжилтад хүрэх боломжтой. Амжилттай эр хүний ард сайн эхнэр байдаг гэдэгчлэн амжилттай эмэгтэйн арыг ч сайн нөхөр даах бус уу?
Урам зориг
Эмэгтэйчүүд бизнес эрхлэхээс айх, эмээх, өөртөө итгэлтэй биш байх нь элбэг. Энэ нь эмэгтэйчүүд нэн тэргүүнд гэрийн сайн эзэгтэй байж, нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ёстой, бизнес эрхлэх нь эрсдэлтэй гэсэн хэвшмэл ойлголттой холбоотой. Ийм мессежийг бид эргэн тойрноосоо байнга авч байдаг. Зурагтаа асаагаад мэдээ үзэхэд л ямар хүмүүс харагддаг билээ? Улс төр, эдийн засаг, бизнесийн талаар ихэвчлэн эрэгтэйчүүд ярьж байдаг шүү дээ.
Ажил хэргээрээ амжилттай яваа эмэгтэйчүүд цөөнгүй ч даруу төлөв байдлаасаа болж олны өмнө, хэвлэл мэдээллээр ярихаас цааргалдаг тал бий. Хэрвээ Та тэдний нэг бол амжилтын түүхээ заавал хуваалцаж байгаарай. Таны түүх охид, эмэгтэйчүүдэд урам зориг хайрлаж, амьдралдаа зөв сонголт хийхэд нь туслах юм шүү дээ.
Тиймээс ч Room24.mn амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолой, түүхийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах бодлоготой байгаа. Уншигч Та хэнээс урам зориг авдаг вэ? Хэний түүхийг юуны түрүүнд уншмаар байна вэ? Эсвэл Та өөрийн түүхийг хуваалцмаар байна уу? Энд сэтгэгдэл бичиж, эсвэл info@room24.mn хаягаар бидэнтэй холбогдоорой.