Б.Энхжаргал: НОМЫН УНШЛАГА БОЛ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН АЖИЛ

 Б.Энхжаргал: НОМЫН УНШЛАГА БОЛ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН АЖИЛ

“Бөөлхөний зүүдний найзууд”, “Барилгачин Бөөлхөн”, “Цэцэрлэгт юу болдог вэ?”, “Дуусдаггүй худалч ном” зэрэг нийт 10 гаруй зурагт номыг бүтээсэн хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд номоороо дамжуулан хүүхдүүдэд хүний эрх, ялгаатай байдлын тухай насанд нь тохирсон ойлголт, мэдлэгийг өгөхийг зорьдог. 

-Нийгмийн ажилтнаас хүүхдийн номын зохиолч болоход хангалттай том шалтгаан байсан болов уу?

-Энэ шилжилт миний амьдралд алгуурхнаар буюу гурав, дөрвөн жилийн хугацаанд явагдсан нь өөрийгөө сонсох, мэдрэх хугацааг надад өгсөн юм шиг санагддаг. Гэхдээ энэ хоёр ажил, мэргэжлийг тусад нь авч үздэггүй. Одоо ч би нийгмийн ажлаа хийсээр байгаа. Жишээ нь, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хөвгүүдэд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж байна. Энэ төсөл дээрээ хүүхдийн номын уншлагыг хэрэглэж, арга зүйн нэг хэсэг болгоод явж байх жишээтэй. Аль нэг байгууллагад харьяалагдаж, цагт баригдаж ажиллаж чадахгүй болсон нь цэвэр дотоод дуу хоолойтой минь холбоотой. Тэр зохиолоо бичээч, нөгөө санаа чинь юу болж байна гээд дотроос хатгаад суулгахгүй болсон байна лээ.

-Яагаад хүүхдийн ном бичих болсон бэ? Хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

-Эхний номоо санамсаргүй байдлаар шууд л биччихсэн. Харин эхний номоосоо мэдэрсэн тэр мэдрэмж үргэлжлүүлэх урам зоригийг өгсөн гэхэд болно. Цэлгэр талд цэцэг тарьж байгаа юм шиг санагдсан. Одоо бодоход миний дотор нэг бүтээлч хүүхэд байсан юм билээ. Түүнийг минь сэрээх “эргэлтийн цэг” байсан юм болов уу даа. 

-Нийгмийн чиглэлийн хүн хүүхдийн ном бичихэд тэдний онцлог, сэтгэлзүйг илүү мэдэрч өөрийн ажиглалт, хүргэх гэсэн санаа зорилгодоо хүрч чаддаг болов уу?

-Яг тийм. Би нэгдүгээр курсын оюутан байхдаа багшаасаа “Сайн нийгмийн ажилтан ямар шинжийг агуулсан байх ёстой вэ?” гэж асуусан юм. Тэгэхэд багш "Хамгийн чухал нь мэдрэмж" гэж хариулж байсан. Нийгмийн ажлыг хүүхдийн зохиолоос тусад нь авч үзэхгүй байгаа шалтгаан бол энэ "мэдрэмж" юм. Аль алинд нь мэдрэмж маш чухал нөлөөтэй. Гэхдээ хэт зорилго, агуулга бодоод байвал зохиол маань модон, хүчилсэн болчих талтай. Тэгэхээр хэзээд нь салгах вэ, хэзээд нь нийлүүлэх вэ гэдэг нь миний өөрийн мэдрэмж, чадварын ялгах зүйл болчихдог.

-Хүргэх гэсэн санаагаа эхэлж хараад дараа нь түүнд тохирох дүрүүд, үйл явдлуудаа амилуулдаг уу? Эсвэл?

-Янз бүр. Уран бүтээл бүр зорилго агуулсан байх албагүй гэж боддог. Зарим нь зүгээр л өөрөө урсаад ороод ирдэг. Түүнийг нь би боловсролын агуулга, зорилгод оруулах гээд байдаг тал ч бий. Эсвэл нэг хөөрхөн дүр дотроос үг шивнээд байна, эсвэл шал өөр үйл явдал харваад ороод ирнэ. Санаа орж ирсэн бол салфеткан дээр ч хамаагүй бичиж аваад цааш хөгжүүлээд явдаг даа.

-Сүүлийн үед хүүхдийн орчинд ном уншлага их хийж байгаа харагдсан. Аав ээж, эмээ өвөө, багш нар хүүхдүүдэд ном уншиж өгдөг. Номын зохиогч өөрөө ном уншиж өгөхийн ялгаа, давуу тал нь юу вэ?

-Өнгөрсөн хавар "Дуусдаггүй Худалч ном" хэмээх шинэ номоо өлгийдөн аваад ангиудаар уншлага хийж байгаа. Энэ номын маань үйл явдал өрнөл хэсэг дээрээ дуусаад, хүүхдүүд өөрсдөө цааш нь үргэлжлүүлэн бичиж, зурдаг ном л доо.

Ангиудад номын уншлагаар явж байхад ном уншиж өгсөний дараах асуулт, хариултын хэсэг маш чухал байдаг. Энэ бол гэртээ нэг, хоёр хүүхдэд ном уншихаас тэс өөр зүйл. Ихэнх томчууд хүүхдэд ном уншиж өгснийхөө дараа хүүхдээс "Юу ойлгосон бэ?" гэж асуух гээд байдаг. Харин тэгж асуухын оронд “Юу мэдэрсэн бэ? Ямар дүр нь таалагдсан бэ? Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйл юу байв? Чи яаж үргэлжлүүлмээр байна?” гэх мэтээр илүү бүтээлч, чанартай асуулт асууж яриа өрнүүлэх нь чухал. Би өөрөө уншихын давуу талыг харахдаа, номын гол санаа, амин өгүүлбэр, оргил хэсгийн зураг нь аль вэ гэдгийг мэдэж байгаа учраас түүн дээрээ фокуслаж, уншлагын акцент, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгөө тохируулдаг. Тэгэхээр номоос авах тэр агуулга, мэдрэмж хүүхдүүдэд арай илүү хүрдэг гэж боддог.

Би ном бичихийг тасралтгүй хичээх үйл явц юм байна гэж хардаг. Одоогоор сайныг ч бичсэн байх, тааруу нь бий байх. Гэхдээ хүүхэд гэдэг хамгийн үнэнч шүүмжлэгчид байдаг болохоор ангийн уншлагаас тэр баримжаа харагддаг. Тэр л үед "чи чадсан байна", эсвэл юун дээр алдсандаа дүгнэлт хийх боломж гардаг.

-Хүүхдүүдийн дунд байхад юу мэдэрдэг вэ? Тэднээс номын санаа, сэдэв олж авдаг уу?

-Номын уншлага бол энэ дэлхийн хамгийн сайхан ажил гэж боддог. Зохиосон номоо хүүхдэд хүргээд, уншаад явахдаа үнэхээр аз жаргалаар бялхаж байдаг. Олон бага насны хүүхэдтэй зэрэг ярилцаж байхад санаа олж харах боломж бараг байдаггүй. Ерөнхийдөө агуулга хүрч байна уу, тэдэнд ялгаатай байдлын талаар бодуулж чадаж байна уу гэдгээ хараад явдаг.

Харин том охин маань зургаан настай, бага маань нэг ойтой. Энэ хоёроосоо санаа олж харсан нь зөндөө. Жишээ нь, “Цэцэрлэгт юу болдог вэ?” номоо охиныхоо асуултаас санаа авч бичсэн. Дараа нь сургуульд ороход нь “Сургуульд юу болдог вэ?” номоо бичсэн гэх мэт эдгээр шилжилтийн үед зөвхөн өөрийн гэлтгүй бусад хүүхдүүдэд ч хань болох ном бичиж, шинэ ертөнцийн талаар насанд нь тохирсон ойлголт өгөхийг зорьсон.

-Номоо бичихдээ мэдээж эрэл хайгуул, судалгаа их хийдэг юм билээ. Судалгаагаа яаж хийдэг вэ?

-Албан болон албан бус хоёр шинж чанартай судалгаа хийдэг. Албан бус нь миний тархи, зүрх, нүд, чих үргэлж эрэл хайгуул хийж байдаг. Иймдээ ч хүүхдүүдтэйгээ их ярилцаж, юу бодож, юу мэдэрч байгааг нь мэдрэхийг хичээдэг.

Албан нь тухайн номын агуулга, шинжээс их хамаарна. Тэр туршлага надад байхгүй, бичих мэдрэмждээ итгэлгүйхэн байвал жаахан азнаж ажиглалт болон асуулга, ярилцлагын аргаар судалгаа авдаг. Би өөрөө чанарын судалгаанд их дуртай. Хэн энэ асуудлыг хамгийн сайн төлөөлж чадах вэ? гэж бодож байгаад хамаарах бүлгүүдтэйгээ ажиллаад, судалгаа хийдэг.

-Хүүхдийн номд зураг маш чухал үүрэгтэй. Хүргэх гэсэн агуулгад тохирох зургийг хэрхэн бүтээдэг вэ?

-Ихэнх зураач нартайгаа 24/7 холбоотой ажиллаж зурган дээрээ санал солилцоод явдаг. Зураачийнхаа ажиллах арга барилд хүндэтгэлтэй хандан тухайн хүний ч бас уран бүтээл учраас өөрөө шийдэх орон зайг үлдээдэг. Дундаасаа бүтээл гаргаж байгаа учраас хэн хэндээ ойлголцолтой ажиллаад явахыг хичээдэг.

-“Номт Болжмор” компаниа байгуулсан. Боловсролын салбарт, мөн номын зохиолчийн хувьд цаашдын хүсэл зорилго тань юу вэ?

Охин маань илт том болоод байгаа нь анзаарагдаад байгаа. Өсвөр насны эхэн үе ирж байна уу даа гэсэн мэдрэмжтэй. Би гэдэг хүн охиныхоо насыг дагаж уншаад, амьдралын шилжилтийн зохиол дээр ажиллаад байгаа болохоор энэ чиглэлийн ном, сонин эргүүлж сууна. Мөн бага насны хүүхдийн хэл яриа, унших, бичих чадварыг сайжруулахад багш, мэргэжилтэн, боловсролын байгууллагатай хамтран ажиллахыг зорьж байна.

Ярилцсан: Ц.Бадмаараг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.