Б.Оюунтөгс: Тохируулга үйлчилгээ бол бие даан, сайхан амьдрахын төлөөх дэмжлэг

Б.Оюунтөгс: Тохируулга үйлчилгээ бол бие даан, сайхан амьдрахын төлөөх дэмжлэг

Оюутан, суралцагч бүрийн нарийн хэрэгцээг хангаж чадсан, хүн төвтэй  сургалтын орчин хамгаас чухал юм. Тодруулбал, харааны бэрхшээлтэй суралцагч завсарлагааны богино хугацаанд нэг хичээлээс нөгөө хичээл рүү суухдаа шатаар дээш, доош буухад удаан явна. Мөн яарч сандран явахдаа унаж, бэртэх ч эрсдэлтэй. Энэ үед түүний ялгаатай байдлыг багш ойлгон, хүлээн авах нь хүний эрх төвтэй сургалтын арга барилын нэг хэсэг. Үүнд, саажилтаас шалтгаалан удаан бичдэг, уншиж биш сонсож бүх шалгалтын тестийг ажилдаг оюутны хэрэгцээнд тохируулж шалгалтын цагийг сунгаж өгөх зэрэг багтдаг.  Тиймээс энэ талаар “Гэрэлт цох байшин” ТББ -ын захирал, Нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөх Б.Оюунтөгстэй ярилцлаа. Учир нь МУИС-тай хамтран “Тохируулга” үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

- Танай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг хүртээмжтэй боловсролоор дэмжихийн тулд “Тохируулга” үйлчилгээг боловсролын салбарт санаачлан, хэрэгжүүлсэн  байна.  Хөтөлбөрийнхөө тухай танилцуулаач?

Юуны түрүүнд “Тохируулга” гэдгийг тайлбарлавал түгээмэл загварыг нэвтрүүлэх, арга зүй, арга барилаа өөрчлөх, хандлага харилцаагаа эерэг болгох тухай юм. Өмнө нь тохируулгатай ажлын байрны тухай ярьдаг байсан бол өнөөдөр дээд боловсролын салбарт тохируулга үйлчилгээг МУИC-тай хамтран хэрэгжүүлээд 3 жил болж байна. Товчхондоо бол “Тохируулга” бол уян хатан байдал юм. Тухайн хүний хэрэгцээ шаардлагаас үүдэн тохируулгын үйлчилгээг үзүүлдэг. Материаллаг, материаллаг бус гэж хуваадаг.

Тухайлбал, сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулж оюутнуудын шалгалтын цагийг 50, 100 хувиар сунгах, сурах бичгийг хүртээмжтэй форматаар хөрвүүлэн өгөх зэргийг дурдаж болно. Мэдээж зарим тохируулгыг хэрэгжүүлэхэд техник технологи, хүний нөөц шаарддаг. Гэхдээ аль болох одоо байгаа нөөцөө ашиглаж, боломжит тохируулгуудыг хийх хэрэгтэй. Тохируулгыг хэн нэгэн баталснаар хэрэгжүүлэхийг хүлээх шаардлагагүй бөгөөд тухайн институт боломжит нөөцөндөө тааруулж хийж болдог. Тухайн байгууллага нь бодлогын түвшинд анхаарч, дотоод журамдаа өөрчлөлт оруулах тухай юм.

- Дээд боловсролын салбарт ямар тохируулгуудыг хийж байна вэ?

Сургалтын орчинд бол түрүүний хэлсэн шалгалтын цагийг сунгах, анхаарал сарниулахгүй орчинд шалгалт өгөх бололцоог хангах, хариултын хуудас, сурах бичгийг оюутны хөгжлийн бэрхшээлийн онцлогт нийцүүлэн хүртээмжтэй формат рүү хөрвүүлэх, дуут бичлэг хийхийг зөвшөөрөх, хичээлийн слайдыг багш хүндэтгэх шалтгаантай оюутанд өгдөг байх зэрэг орно. Зохицуулахад хүндрэлтэй байгаа тохируулга бол цахилгаан шат юм. Оюутны хичээлийн хуваарь бүр нэг давхрын ангид таарна гэж байхгүй шүү дээ. Явах, алхах гишгэхэд хүндрэлтэй байгаа оюутнуудад шатаар дээш, доош буух нь хичээлээс хоцрох, сууж чадахгүй байхад хүргэдэг.

Тэргэнцэртэй оюутныг дээш доош шатаар өргөж зөөх эсвэл тэнд хэн нэгэн туслах хүн иртэл оюутан хүлээх тохиолдол байна. Цахилгаан шат байхгүй энэ тохиолдолд “Уян хатан ирц” тохируулга хийж байна. Хоцроод орвол хичээл тасалсанд тооцохгүй, хоцорсон үед нь багш хичээлийн слайдаа өгдөг байх, бусдын өмнө яагаад хоцорсныг асууж эвгүй байдалд оруулахгүй байх нь тохируулга юм. Оюутан маань тэргээ түрсээр, таягаа тулсаар, алхсаар байгаад л хоцорчихдог. Дотроо яарсаар яарсаар байгаа л  хоцорчихно. Өвлийн улиралд бүр хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр хоцорсон цагийг нөхдөг байх, багш слайдаа өгөх, ингэж хоцорсон үед ирцийн оноо хасагдаж хичээлийн дүнд нөлөөлөхгүй байх нь тохируулгууд юм. Энэ бол суралцагчийг шударга бус байдалд оруулахгүй, аль болох хохироохгүй байх тухай үйлчилгээ юм.

- Таны хэлсэн энэ бүх тохируулга байхгүй учраас их, дээд сургуульд суралцдаггүй залуус хэр их байдаг вэ?

Төрийн сангаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн их, дээд сургуульд суралцах төлбөрийг даадаг. Тийм боломжийг хөгжлийг бэрхшээлтэй залуус эдэлж сургуульд суралцаж, цаашлаад ажил хөдөлмөр эрхлээд, бие даан сайхан амьдрахыг төлөө явдаг. Манайд тохируулга хангагдахгүй байгаа иргэд бол сонсголын бэрхшээлтэй иргэд байна. Учир нь сайн дурын дохионы хэлний хэлмэрчид олон цагаар тэдэнтэй ажиллах боломжгүй, нөгөө талаас хэлмэрчийн цагийн хөлс өндөр байна. Оюутан хувиасаа төлөөд явъя гэхээр санхүүгийн хувьд гачигдалтай. Олон улсад үүнийг шийдчихсэн.

Жишээ нь, яриаг текст рүү технологийн тусламжтайгаар хөрвүүлчхээд оюутан жижиг самбар барьчхаад хүмүүстэй харилцаад явж байна. Ингээд чөлөөтэй суралцаж байна. Технологийн шийдэл олон улсад байна. Гэтэл манайд тулгардаг асуудал нь тэр программ дээр монгол хэлээр ярихыг таниулаагүй байдаг. Бусад 30,  40 орны хэл суучихсан байдаг. Энэ технологийн асуудлыг шийдье гэхээр төсөв, мөнгө л хэрэгтэй байна. Энэ жил гэхэд МУИC-д сонсголын бэрхшээлтэй нэг оюутан элсэн орсон. Гэтэл бид нар тэр оюутанд зориулсан тохируулгын үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Боловсрол эзэмшчихвэл ажлын байран дээр гараад ажиллахад хүртэл дөхөм байж, ирээдүйд бие даан сайхан амьдарна шүү дээ.

- Өнгөрсөн хугацаанд тохируулга үйлчилгээг нэвтрүүлэхдээ ямар алхмуудыг хэрэгжүүлээд байна вэ?

Тухайн оюутантай ярилцаж, тохируулгын хэрэгцээг тодорхойлохоос гадна багш нарт илгээдэг тохируулгын мэдэгдэл, захидлын загвар боловсруулсан. Энэ нь одоо ч ашиглагдаж байна.  Мөн хичээлийн  тохируулга нэртэй гарын авлага боловсруулсан. Багш, удирдлага, оюутан хэн нь  ч эндээс мэдээлэл авах боломжтой. Цаашид, энэ чиглэлд ажиллах хүний нөөц хэрэгцээтэй байна. Техник, технологи шаардсан тохируулга дээр ажиллах хүн хэрэгтэй байх жишээтэй.

- Таны хувьд тохируулга үйлчилгээг ашиглаж АНУ-д суралцсан тухай өмнө нь хэлсэн. Энэ туршлагаасаа бидэнтэй хуваалцаач?

Би өөрөө 90 хувийн хараа алдалттай. АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр Арканзас/Arkansas/ мужийн их сургуульд Нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөхөөр магистрын түвшинд суралцсан. Хоёр жилийн хугацаанд миний амжилттай суралцаж, 48 кредитийг дүүргэж чадсан шалтгаан бол тохируулга үйлчилгээ тэнд байсных юм. Яагаад гэвэл би сурах бичгээ яаж унших уу, хэнээр уншуулах уу гэж бодох, зовох зүйл байгаагүй.

Дэлгэц уншигчид маань хүртээмжтэйгээр word рүү хөрвүүлээд өгчихдөг, шалгалтын цагийг маань 100 хувь сунгаж өгдөг байсан. Яагаад гэвэл би бүрэн хараагүйд орно. Юмыг сонсож ойлгож, тэр олон хариултуудын дунд эргэж буцаж зөв хариултаа олно гэдэг маш их цаг зарцуулдаг учраас тийм тохируулга авсан. Харилцаа холбооны хувьд багш руу ярих, э-мэйл бичих, сургуулийн блак борд ашиглах нь чөлөөтэй байсан. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад сургуульдаа очих, гэртээ буцахад нь хүртээмжтэй тээврийн хэрэгслээр үйлчилдэг байсан. Манай сургуульд тохируулгын үйлчилгээг үзүүлдэг боловсролын хүртээмжийн төв байдаг. Би суралцаж байхдаа тэр төвд дадлага хийсэн юм. Тиймээс ч хэрхэн тохируулга ярилцлага хийдэг, хэрэгжүүлэх боломжийг судалж, мэдэж ирсэн дээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.