“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” (IDUAI) нь жил бүрийн 9-р сарын 28-нд тохиодог. Энэ өдрийг угтан дэлхийн олон улсад мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна.
Энэ хүрээнд өнөөдөр “Цахим эрин үе дэх хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг есдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар болон түнш байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар нээж үг хэллээ. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг Глоб Интернэшнл төвөөс танилцууллаа.
Энэ талаар тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Судалгаагаар төрийн байгууллагууд нээлттэй мэдээллийнхээ 37 хувийг нь ил тод байршуулсан байна. Энэ нь маш чамлалттай үзүүлэлт юм. Мэдээлэл бол бидний амьсгалах агаартай адил “ардчиллын хүчилтөрөгч” юм. Мэдээлэлтэй байх эрх бол хүний суурь эрхүүдийн нэг билээ. Иймээс, бид төрийн байгууллагаас мэдээлэл хүсэх, авах, шаардах эрхтэй юм. Мэдээлэл хүсэгчийн хүсэлтийн дагуу төрийн байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж хэллээ.