Хэл соёлоо өвлүүлэх хичээл зүтгэлийн шинэ жил

Хэл соёлоо өвлүүлэх хичээл зүтгэлийн шинэ жил

...Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая...

АНУ-ын Мэрилэнд муж дахь “Монгол Эрдэм” сургуулийн сурагчид, эцэг эхчүүд өнгөрсөн Бямба гарагт төрийн дууллаа дуулж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Монгол дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлэх бяцхан үр хүүхдүүдээ харан өхөөрдөх, баярлах, бахархах эцэг эхчүүд. Энэ бол монгол хэл, соёлоо сурах хүүхдүүдийн сургуулиас гадна Мэриланд муж дахь монголчууд Бямба гараг бүрийг тэсэн ядан хүлээж, нэг дор цуглаж, монголоороо ярьж хөөрч, цагийг сайхан өнгөрөөх орон зай ажээ.     

Ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Монгол Эрдэм” сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Мандах 22, 14, найм, долоон насны дөрвөн хүүхдийн ээж. Сургуулийн нээлтэн дээр үндэсний бүжгээ бүжиглэсэн өхөөрдөм хүү, охин хоёр эдний бага хүүхдүүд ажээ. “Хөөрхөн байгаа биз? Хүүхдүүдээ ийм гоё монгол бүжиг сураад үзүүлэхээр өөрийн эрхгүй бахархаад, огшоод байдаг ш дээ. Хүний нутагт олон жил амьдрахаар эх орноо гэсэн сэтгэл илүү их төрдөг юм байна” хэмээн Б.Мандах яриагаа эхлүүлэв.

Энд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сэтгэл зүрх эх орныхоо төлөө цохилох аж. АНУ-д ажиллаж, бизнес эрхэлж олсон орлогоороо Монголдоо хөрөнгө оруулдаг хүмүүс олон. Гэвч хүний нутагт амьдрал ахуйгаа төвхнүүлэх гээд завгүй зүтгэх хооронд хүүхдүүд нь монгол хэл, соёлоосоо хөндийрч эхлэх нь тулгамдсан асуудал болжээ. Б.Мандах анх хүүхдүүдээ Виржиниа муж дахь монгол сургууль руу зөөж байсан ч хэтэрхий холдоод байв. Ингээд төрсөн өдрөөр нь цугласан монгол найз бүсгүйчүүдтэйгээ ярилцахад бүгд л энэ асуудалд сэтгэлээ чилээж байж. Тэгээд л Мэриланд мужийнхан хаяандаа монгол сургууль нээхээр шийдэж, 2017 онд нэг жижигхэн өрөө түрээсэлж аваад, нэг монгол хэлний багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“Зөвхөн монгол хэл заахаар хүүхдүүдийн хүсэл сонирхол төрөхгүй. Найзуудтайгаа очиж тоглоно гэж л ирдэг байсан. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ академик боловсролд илүүтэй анхаараад, монгол хэлээ хойш тавьчих гээд байдаг. Тиймээс эцэг эхчүүд, хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага, сонирхлыг татах зүйлийг давхар санал болгож байж л хүүхдүүдээ зөөж ирнэ шүү дээ” хэмээн Б.Мандах тайлбарлав. Эдүгээ тус сургууль монгол хэл, түүхийн хичээлээс гадна монгол дуу шүлэг, тоглоом наадгай, амьдрах ухаан, хувь хүний хөгжилд чиглэсэн хөтөлбөртэйгээс гадна монгол, стандарт бүжиг, Жюү-Жицүгийн хичээл нэмэлтээр санал болгож байна. Хүүхдүүдээ холоос зөөж ирсэн эцэг эхчүүд хичээл орох хооронд ажил төрлөө амжуулах, эсвэл хүлээх хоорондоо англи хэлний хичээлд үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжтой. Дээрээс нь монгол хоолоор үйлчилнэ.

Ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд мэдээж нэг өрөөндөө багтахаа байгаад, байраа томруулах хэрэг гарчээ. Нэлээд эрэл хайгуул болсны эцэст сүмийн дэргэдэх танхимыг 2019 оноос түрээсэлж эхэлсэн байна. Анх агуулахын журмаар л ашиглаж байсан энэхүү танхимыг зохион байгуулагчид, эцэг эхчүүд өөрсдөө өдөр шөнөгүй цэвэрлэж, тохижуулж авчээ. Сургуулийн нэгдүгээр давхарт сурагчдынхаа хоол ундыг бэлтгэх гал тогоо, бүжиг, Жюү-Жицүгийн хичээл орох том танхим, хоёрдугаар давхарт бага, дунд, ахлах ангийн хичээл орох танхимууд байх бөгөөд сурагчдын ая тухыг хангасан орчныг бүрдүүлсэн байна.

Нээлтийн үеэр сурагчид урлагийн тоглолт үзүүлэхээс гадна хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа бий биелгээ бүжиг заалгаж хэсэг хугацааг хөгжилдөн өнгөрүүлэв. “Монгол бүжгээрээ нэрийн хуудсаа хийгээд, энд тэндхийн Азийн өдөрлөг зэрэг үйл ажиллагаанд үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн. Хүүхдүүд ч тайзан дээр гараад эхлэхээр өөрийгөө илэрхийлэх талаасаа сайжирдаг юм байна. Хамгийн гол нь монгол бүжгээ бүжиглээд, үзэгчид алга ташаад, баяр хүргэхийг хараад монгол хүн гэдгээ мэдрэх тэр мэдрэмж чухал” хэмээн Б.Мандах ярив.

АНУ-д төрж, өссөн хүүхдүүд Монголоо гэсэн сэтгэлтэй байхад мэдээж эх хэл хамгийн чухал үүрэгтэй. “Би эх оронтой хүн, би газар нутагтай хүн, би монгол хэл, бичигтэй хүн гэдгийг үр хүүхэд, ач зээ нартаа хар багаас нь хэлж ойлгуулах хэрэгтэй. Америкт төрж өсөх нь хамаагүй. Эцэг эхээрээ, удам угсаагаараа, эх орноороо бахархах тэр гоё сэтгэгдлийг хүүхдүүддээ өвлүүлж өгөх нь чухал” хэмээн “Монгол Эрдэм” сургуулийн монгол хэлний багш, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Б.Нарантуяа онцлов. Тэрбээр хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан, ачааллыг нь тааруулж хичээл, даалгавар өгөхөд анхаардаг бөгөөд хамгийн гол нь хүүхдийн сонирхлыг төрүүлэх, урам өгөхийг чухалчилж үздэгээ хуваалцсан. “Эхлээд үсгээ ч мэдэхгүй хүүхдүүд ирчихээд, монголоор уншаад эхлэхийг харах хамгийн сайхан байдаг” хэмээн Б.Нарантуяа багш хэлэв.

“Монгол Эрдэм” сургууль зөвхөн хүүхдүүд эх хэл, түүх соёлдоо суралцах төдийгүй тэдний эцэг эх Бямба гараг бүр цуглаж, Монгол коммюнитигийн нэг хэсэг гэдгээ мэдэрч байх орон зайг Мэриланд мужид бий болгожээ. Тухайлбал, 2006 оноос энд амьдарч байгаа Ц.Уранзаяа Америк хүнтэй гэр бүл болсон бөгөөд нээлтийн үеэр “Гараа угаана даа” дууг дуулсан зургаан настай сэргэлэн цовоо хүүгийн ээж. Тэд хүүхдээ монгол хэл, соёлтой байлгах тал дээр анхаарч, хүү ч монголоор хэлд орж байж. Гэхдээ цэцэрлэгт ороод л монгол хэлээ мартаж эхэлсэн бөгөөд эмээ нь ирэхэд яриаг нь ойлгох хэдий ч монголоороо ярьж чадахгүй байхыг хараад “Монгол Эрдэм” сургуульд өнгөрсөн жилээс явуулж эхэлжээ. Ц.Уранзаяагийн амьдардаг газар нэг ч монгол байхгүй. Гэртээ ч, ажил дээрээ ч монголоороо ярих боломж гарахгүй үед хүүхэд битгий хэл өөрөө ч зарим үгийг монголоор юу гэдэг билээ гэж бодох тохиолдол гардгийг яриад инээд алдана. “Америкчуудын сэтгэж байгаа, монголчуудын сэтгэж байгаа шал өөр. Манай хүү америк хүүхдүүдээс яаж ч бодсон өөр байгаа юм. Монгол хүүхдүүдтэйгээ нийлээд, найзлахаар бие биеэ сайн ойлгоно. Ялангуяа өсвөр насандаа монгол хүүхдүүдтэйгээ ойр байвал зүгээр гэж боддог” хэмээн Ц.Уранзаяа ярив. Дуу хөгжим сурахаар хүүхдийн сонирхол төрж, хэллэг ч сайжирч, Монголын талаар ярьж эхэлсэнд тэрбээр их баяртай байгаа аж. Долоо хоног бүр холоос зорьж ирэх нь хүүгийн төдийгүй Ц.Уранзаяагийн хувьд ч монголчуудтайгаа нийлж, элдэв сонин хачин ярьж, инээлдэж хөхрөлдөх сайхан орчин болжээ.

Эдүгээ АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв энэ мэтээр иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулж буй аж. Гадаад улсад монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих журмыг Засгийн газар баталсан бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байна хэмээн Боловсролын яамны цахим хуудсанд мэдээлжээ. “Бид чинь төсөв гэх юмгүй. Анх байраа тохижуулахдаа сургуулийнхаа төсвөөс зөвхөн будаг авах зардлаа л гаргаж байлаа” хэмээн Б.Мандах инээд алдаад, “Засгийн газар бага ч гэсэн төсөв гаргаад монгол сургуулиудаа дэмжиж байвал ирээдүйд эргээд Монголдоо л хөрөнгө оруулалт болно” гэв.

Үнэхээр ч монголчууд маань үр хүүхдүүдээ мэдлэг, боловсролтой болгохын төлөө л ажиллаж, амьдардаг. Энд байгаа монголчуудын яриаг сонсоход хүүхдүүд нь нэр хүндтэй сургуулиудад тэнцэж, тэтгэлэг авч, онц сурч, амжилттай төгссөн түүх элбэг. “Энд төрж, өсөж байгаа хүүхдүүд маш чадварлаг боловсон хүчин болж байна. Манайх чинь хөгжиж байгаа улс орон учраас энэ хүүхдүүдийг алдмааргүй байгаа юм. Өндөр боловсролтой, чадвартай боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Тиймээс зүрхэнд нь Монголоо гэсэн сэтгэл суулгах хэрэгтэй. Тэгж чадвал энд сургууль төгсчихөөд Монголд очиж ажиллах, тэгдэггүй юм аа гэхэд Монголдоо хэрэгтэй сонголтуудыг хийж байх, ядахдаа энд байгаа монголчууддаа илүү боломж нээж өгөх нэг үе гарч ирнэ. Тэр суурийг л тавьж өгөхийг хүсдэг” хэмээн Б.Мандах хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.