Өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Жендэр судлал”-ын магистр хөтөлбөрийн 10 магистрантад Азийн сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тэтгэлэг гардуулах ёслолд ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Сара Тэйлор, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, дэд проф Ц.Цэцэгжаргал болон албаны бусад хүмүүс оролцож, тэтгэлгийн эздэд халуун баяр хүргэж, амжилт хүслээ.
Ёслолын үеэр ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ “Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж буй Азийн сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Цаашид энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно. Тухайлбал төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан албан хаагчдыг уг хөтөлбөрт хамруулах, урт богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэгт дэмжин хамтран ажиллах болно. Энэхүү тэтгэлэг нь магистрантуудыг эрдэм шинжилгээний ажилд дадлагажих, магистрын судалгааны ажлаа гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол Улсад жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж байгаа юм. МУИС-ын дэргэд байгуулагдсан Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй Шинжлэх ухааны сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулийн есөн тэнхимийн эрдэмтэн багш нар, Жендэр судлалын салбар дундын магистрийн хөтөлбөрийг сонгон суралцаж буй магистрантууддаа амжилт хүсье. Та бүхний өмнө ЖҮХАА-ны үүд хаалга үргэлж нээлттай байх болно” гэлээ.
Дээрх хөтөлбөрийг 2022 онд Азийн сан, ЖҮХАА, МУИС-тай хамтран тус сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн хөтөлбөрт оруулан нээсэн юм.
“Жендэр судлал”-ын магистрын хөтөлбөрийг Азийн сангаас дэмжиж, өдгөө нийт 30 суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг, 8 судлаачид судалгааны тэтгэлэг олгоод байна.
Өнөөдөр С. Гүн-Уянга, С.Уянга, Э.Номин, Э.Дөлгөөн, Г.Байгалмаа, Б.Бямба-Эрдэнэ, Р.Цэвээндулам, О.Дариймаа, Н.Нандинцэцэг нарын магистрантууд тэтгэлэг гардан авсан юм.