Жил бүрийн 10 дугаар сарын 11-нд тэмдэглэдэг "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР" нь дэлхий даяарх охид, тэдний дуу хоолой, манлайллыг өргөжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулагддаг чухал өдөр юм. Энэ өдрийн хүрээнд “BECAUSE I AM A GIRL” чуулганыг Монголын сайн дурынхны төвийн санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Чуулганы “OPEN DIALOGUE — GIRLS & WOMEN” нээлттэй ярилцлагад холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш оролцож, охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсоох, охидод зүй бусаар нөлөөлж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, охидын эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал юм хэмээн уриалллаа.
Ялангуяа охидын үйл ажиллагаанд хөвгүүд бас туслан дэмжиж оролцох, хөвгүүдийн эрхийн төлөө охид ч бас дуу хоолойгоо өргөх гэх мэт чухал асуудлуудыг хөндөв.
2025 оны "Олон улсын охидын өдөр"-ийг дэлхий дахинд нүүрлээд буй олон талт хямралын үед охидын манлайллыг хүлээн зөвшөөрөхийг уриалан тэмдэглэж байна.
Энэ удаагийн чуулган нь охид хэн болох, ямар үнэ цэн бүтээж, ямар шийдэл гаргаж чадах талаараа хэлэлцэхээс гадна, бусдын сайн сайхны төлөө сайн дурын оролцоогоор хэрхэн нөлөөлөх, мөн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчидтай уулзаж, нээлттэй ярилцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Нээлттэй ярилцлагын үед цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж, охид өөрсдөө үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхгүй байж, бие биенээ дэмжих зэрэг олон чухал асуудлыг ярилцлаа.