Дэлхийг өөрчлөх монгол эмэгтэй та Room24.mn-д тавтай морил

Дэлхийг өөрчлөх монгол эмэгтэй та Room24.mn-д тавтай морил

Ухаалаг шулуун үгтэй, эрхэмсэг Кристин Лагард Олон улсын валютын санг удирдаж байх үедээ “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Аливаа томоохон шийдэлд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжээд өгвөл манай гаригийн айл өрхүүдийн орлого 35 хувиар өснө дөө” хэмээн ярьж байв. Түүний үзсэнээр банкуудыг бүсгүйчүүд эн тэнцүү удирддаг байсан бол өнөөдөр санхүүгийн систем илүү тогтвортой байх боломжтой байлаа. 

Найман тэрбум бүлтэй бөмбөрцөгийг тогтвортой хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар чухал болохыг онцолсон судалгаа, мэдээлэл түүнээс хойш илүү ихээр гарсаар байна. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл дутсаар байгаа бодит байдлыг өөрчлөхөд хэвлэл мэдээллийн хувь нэмэр асар чухал билээ. Харамсалтай нь, энэ сэдвээр дагнан ажилладаг хэвлэл мэдээлэл олон улсын хэмжээнд цөөн байгаагаас гадна дэлхий даяар хэвлэл мэдээллээр гарч байгаа дөрвөн хүн тутмын нэгийг л эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. 

Манай улсад 430 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа ч зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө мэдээлэхийг зорилгоо болгосон хэвлэлийн орон зай хоосон хэвээр байв. 

Энэ хүлээлтийг дүүргэж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолой болж, Монголд анх удаа төлөөллийн, нөлөөллийн сэтгүүл зүйг хэрэгжүүлэхээр байгуулагдсан Room24.mn мэдээллийн платформын албан ёсны нээлт 2025 оны зургаадугаар сарын 12-нд боллоо. Хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагын төлөөллүүд, бизнес, мэдээллийн технологийн салбарын түүчээлэгчид, судлаачид гээд тэгш оролцоог хангахад сэтгэл зүрхээрээ нэгдсэн зочид энэхүү нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм. 

Энэ үеэр “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгцээ, хүлээлт” сэдвийн хэлэлцүүлгийг "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал Б.Золзаяа удирдаж, СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд, “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах, “Women In Tech” хөдөлгөөний Монгол дахь салбарын тэргүүн Н.Энхсайхан, жендэр ба медиа судлаач, “Room24.mn”-ий ерөнхий стратегич Д.Мөнхчимэг нар оролцлоо. 

Доктор Д.Цэнд 1925 оноос хэвлэгдэж эхэлсэн эмэгтэйчүүдийн сэтгүүл нийгмийг соён гэгээрүүлэхэд, эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд асар их хувь нэмэр оруулсныг онцлоод, зах зээлийн үед эмэгтэйчүүдийн хэвлэл олноор бий болсон ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадалгүй алга болсныг хэлсэн. “Эмэгтэйчүүдийн хэвлэлийг судалсан хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн ийм платформ нээгдэж байгаад туйлын их баяртай байна” хэмээн тэрбээр тэмдэглээд, жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэсэн олон нийтийн хэвшсэн ойлголтыг өөрчилж, эрэгтэйчүүдэд чиглэсэн сэдвийг ч давхар авч явахын хэрэгцээ, шаардлагыг сануулж хэлсэн юм. 

Room24.mn-ийн ерөнхий стратегич Д.Мөнхчимэг “Сайхан ажил мэргэжилтэй олон мундаг эмэгтэйчүүд байдаг ч хэвлэл мэдээллээр эрэгтэйчүүдийг түлхүү гаргадаг. Эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд давамгайлдаг, яриа мэдээлэл өгөхдөө, олон нийтэд танигдахдаа илүү туршлагатай байдаг зэрэг нь үүнд нөлөөтэй. Нөгөө талаас, Монголын зах зээл жижиг, хэвлэл мэдээллийн өрсөлдөөн их учраас сэтгүүлчид, редакцууд тэр бүр эмэгтэй эх сурвалж эрж хайгаад, эмэгтэйчүүдээ онцолж гаргах гээд явах цаг, мөнгөний боломж байдаггүй. Тиймээс ч бид салбар, салбарын мундаг эмэгтэйчүүдийнхээ түүхийг гаргаад явах нь бусад хэвлэл мэдээлэлд ч хэрэгтэй байх юм. Хэвлэлээр гарч байгаа эмэгтэйчүүд хэтэрхий цөөн байгааг өөрчлөхийн тулд бид бусад редакцтай өрсөлдөж биш, хамтарч ажиллана” гэсэн.    

“Women in Tech” олон улсын хөдөлгөөний Монгол дахь салбарын тэргүүн Н.Энхсайхан мэдээлэл технологийн салбарт манлайлж буй олон эмэгтэй байгааг, бүр дэлхийд ховор мэргэжилтнүүдийн тоонд ч орж байгааг онцолсон. Гэвч үүнийг мэдээлж сурвалжлаад, нийгэмд түгээж ирсэн хэвлэл бараг байхгүйг Н.Энхсайхан хэлээд, Room24.mn дээр тусгай булантай болж, мэдээлэл технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын мэдээллийг хүргэхээс гадна энэ чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах талаараа хуваалцлаа. 

Харин “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа ойр байж, жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгцээ байгааг Room24.mn-ий хамт олонд захисан юм. 

Эрх тэгш оролцоо, боловсролын дуу хоолой болсон олон улсын “Asia Society” хэвлэлд “Орчин үеийн монгол эмэгтэйчүүд” бүтээлд нийтлэгдсэнээр Монгол дахь эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, ядуурал эдийн засгийн өсөлтийг үл харгалзан өссөөр байгааг онцолсон байдаг. Ялангуяа, хувийн хэвшилд ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажилгүйдэл ихээр нэмэгдсэн нь жирэмслэлт, гэр бүлдээ гаргах цаг зав зэргээс шалтгаалан тэднийг ажлын байранд сонгох, шийдвэр гаргалтад оролцуулах зэрэгт саадтай хэвээр байгааг сануулсан. Гэхдээ Монголын парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхтэй зэрэгцээд өндөр боловсролтой оюутнуудын 70 гаруй хувийг охид бүрдүүлж байгаа нь эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бүр цаашлаад Засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо өргөжиж, эрх тэгш нийгмийг бүтээх найдвар төрүүлж байна хэмээн сайшаасныг энд дурдах хэрэгтэй.  

Энэ мэт олон улсын болоод дотоодын ажиглагчид, байгууллагуудын хүлээлтийг Room24.mn алдалгүй цааш үргэлжлүүлэн, охид эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрхийн төлөө бат зогсох дуу хоолой болохоор ажиллаж байна. Энэ талаар “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Л.Ганчимэг “Room24.mn-ийн үүсгэн байгуулагчид бүгд “Өнөөдөр,” “Зууны мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлсэн хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүлчид. Тиймээс ч улс төр, эдийн засаг, нийгмийн чухал шийдвэрүүд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх өнцгөөс харж, гүнзгий анализ хийсэн даацтай бүтээлүүд гаргах болов уу. Монголын сэтгүүл зүйд гишүүнчлэлд суурилсан бизнес загвар нэвтрүүлж байгаад баяртай байна” хэмээсэн билээ. Энэ бол манай улсын хэвлэлийн дотоод “цаг агаар”-т олон жил үгүйлэгдсэн, тэгш оролцоонд тулгуурласан дуу хоолойг бүтээх үйлсэд өгч буй гэрийн даалгавар билээ. 

Уг даалгаврыг биелүүлэхийн тулд Өрөөний хамт олон хичээнгүйлэн ажиллах болно. Ташрамд дурдахад, Room24.mn-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих олон хувилбар бий. Өрөөний гишүүн болохоос эхлээд санхүүгийн, эсвэл оюуны хандив өгөх, сайн дурын ажил хийх, бүтээл, үйл ажиллагааг ивээн тэтгэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Room24.mn-ээс авах боломжтой. 




 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

(49.0.158.30) 2025-06-14 17:38:49
Bayarlalaa