Подкастын хөтлөгч, А.Амартүвшин
“Өөрчлөлтийн өнцөг” подкастын дугаарын зочноор “Архангай медиа” группийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч О. Амарзаяа оролцлоо.
Амарзаяагийн зөөлөн инээмсэглэлийн цаана хүчтэй, шаргуу хөдөлмөрч нэгэн бий. Тэрээр орон нутагт сэтгүүлч мэргэжлээрээ 23 жил тасралтгүй ажиллаж байна.
2003 онд сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа буцан ирж, орон нутгийн телевизээ сэргээн ажиллуулж, тэр жилдээ “Архангайн амьдрал” сониноо эрхлэн гаргасан юм.
“Архангайн амьдрал” сонин өнөөдөр 21 настай. Энэ хугацаанд 800 гаруй дугаарын 3000 гаруй нүүрийг тэд бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, сонины 3000 гаруй хуудсанд орон нутгийн иргэдийн дуу хоолой, тэдний аж амьдралын түүхүүд бичигдсэн юм.
Энэ түүхийн шинэхэн хуудасны нэг бол “Мэдрэмжтэй мэдээлье” булан билээ. Тэд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг энэхүү буландаа онцолдог.
Хэвлэл мэдээлэл олон ургалч дуу хоолойг дэлгэрүүлж, сумын сурвалжлагчдаас мэдээ, ярилцлага хүлээн авч, хамтран ажилласнаар бүтээлийн агуулга хэрхэн баяжиж, мөн уншигчдын тоо нэмэгдсэн эерэг өөрчлөлтийн талаар Амарзаяа ярьсан юм. Энэ тухай дэлгэрүүлэн сонсоорой.
Ташрамд, Глобал Пресс Жоурнал сэтгүүлийн "Үл хүлцэх дуу хоолой" төсөлд Монголоос “Архангай медиа” групп сонгогдож, хэвлэлийн эрх чөлөөний сэдвээр түүхээ хуваалцсан байдаг. Тэд иргэдийн гомдол саналд тулгуурлан ямар асуудлыг хөндөж байсан талаар энд дарж уншаарай.