Өөрийгөө олох нь: Хийх ёсгүй зүйлсийн жагсаалт

Өөрийгөө олох нь: Хийх ёсгүй зүйлсийн жагсаалт

Эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжлийн олон ном зохиолоороо танигдсан АНУ-ын нэрт зохиолч Рейчел Холлисын хэлэх дуртай үгсийн нэг нь “Үгүй”. Бүр заавал хэлэх ёстой үгсийн тоонд ч энэ нь багтдаг байж мэдэх юм. 

Яагаад гэхээр, бид өөрсдөө ч мэдэлгүй “Тийм” гэж хэлсний дараа ямар их үнэ цэнэ, цаг хугацаагаа салхинд хийсгэж байдаг гээч. Тиймээс л Рейчел нэгэнтээ “Хийх ёсгүй зүйлсийн жагсаалт гаргах нь хийх ёстой зүйлсээ жагсааж бичихээс илүү чухал байдаг” гэж хэлсэн байдаг. 

Өөрсдийнхөө жишээн дээр аваад үзье. Ээжүүд, эхнэр, найз охид гээд бидний хүрээлэлд байгаа бүсгүйчүүд бүгд өөрт нь хаягласан бүх зүйлд “За” гэж хэлэх нь энүүхэнд. Хамгийн энгийн нь ингэж хэлэхдээ бид үүнийг үүрэг мэтээр хүлээж авдаг. Үүнийхээ дараа өөрийгөө баатарлаг эмэгтэй, хүчирхэг бүсгүй, халамжит хань, энэрэнгүй эх гэх мэтээр элдэв цол гуншингаар сэтгэл дотроо өргөмжлөөд өөрөөсөө юу алдсанаа анзаардаггүй. 

Ширээн дээрх хоолтой аяга, угаагаагүй сав суулга, индүүдээгүй хувцаснууд. Энэ бүгд бүгдээрээ ганцхан өөр лүү чинь хараад “Намайг авраач” гээд байгаа юм шиг нүдээр бид эргэн тойрноо төсөөлдөг. Гэрт байгаа, хажууд байгаа хүмүүсийн хэнд ч “хаяглаагүй” энэ мэдрэмжийг зөвхөн өөртөө өлгөж аваад энэ насны хамаг мөрөөдлөө хогийн сав руу чулуудчихдаг. 

Ойр тойронд чинь байгаа энэ бүх “асуудал таригч” нарт анхаарлаа хандуулсан хэвээр байхад ямар заваараа бид өөрийгөө нээх, хэн болох, юу хийхээ шийдэж амжих билээ дээ. 

Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд асан, "төмөр хатагтай" Маргарет Тэтчер нэгэнтээ “Гэр бүлээ зөв удирддаг эмэгтэй хүн эх орноо ч удирдаж чадна” гэж хэлснийг саная. 

Та өөрөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй, “Эргэн тойрны юмст би хэр их автаж, тэдэнд “живчихдэг” вэ” гэж. Та үгүй л гэж хэлэхгүй бол, хийхгүй л гэж шийдэхгүй бол хажууд чинь харагдах бүх зүйлсийг засах гэж, цэвэрлэх гэж хийсээр л байх болно. 

Бусдад асуудлыг нь үлдээ. Бусдын өмнөөс ачааг нь авч үүрдэг энэ зангаа л больчих. 

Хариуд нь танд өөртөө зориулах цаг үлдэхгүй. Ертөнц бидэнд адил тэгш 24 цаг өгсөн. Үүнийг хэрхэн зөв ашиглах нь таны л хэрэг. 

Үнэн хэрэгтээ эрчүүдээс суралцахад гэмгүй. Эрчүүд нэг зүйлдээ онцгой анхаарсан бол тухайн зүйлийнхээ үр дүнг үзэх хүртлээ эргэн тойронд байгаа элдэв асуудалд хошуу дүрдэггүй. Бүр тоодог ч үгүй. Магадгүй тэдний тархи хийх ёсгүй зүйлсийн жагсаалтаар дүүрэн байдаг байх. 

Харин бид байгалиас өгөгдсөн эхийн зан төлвөөрөө аливааг харах гээд байдаг энэрэнгүй гэх үү, хэнээтэй гэх үү дадлаараа асуудалд хандаад байгаагаа өөрчлөх цаг яг одоо ирчихээд байна. 

Бүсгүй минь, яг одоо хийх ёсгүй ажлынхаа жагсаалтыг алгын чинээ цаасан дээр жагсаагаад үз. Энэ жагсаалтад чамайг үргэлж хойш татдаг, цагийг чинь аваад байна гэдгийг чи дотооддоо зөвшөөрдөг, чамайг зөвхөн өөрийнхөө төлөө хийхийг хүссэн цагаас чинь хумсалдаг зүйлс багтана.  

Бүх зүйлд багтаамж гэж байдаг. Чи өөрийнхөө орон зайг аар саар зүйлсээр дүүргээд байвал өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө жинхэнэ “би”-г олох зай чамд үлдэхгүй. 




 

 





 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.