Тэтгэлэг хүртэх сайхан: Гэвч хаанаас эхлэх вэ

Тэтгэлэг хүртэх сайхан: Гэвч хаанаас эхлэх вэ

Англи, Америк, Австрали зэрэг боловсролыг экспортлогч оронд суралцах сайхан. Сургалтын тэтгэлэгт шалгарчихвал мэдээж бүр ч сайхан. Энэ бодол “Англид суралцсан тэмдэглэл” номыг уншмагц толгойд буусан юм. Суралцах шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тэтгэлэгт хэрхэн бэлдэж, амжилттай суралцсан know-how-г энэ номд багтсан. Учир нь номын зохиогч Их Британийн Бристолын их сургуульд Тэгш бус боловсролын магистрт Чевенингийн тэтгэлгээр суралцсан билээ. Ингээд уншигчийн хувьд өөрт чухал санагдсан гурван санааг та бүхэнтэй хуваалцъя.

Зөвхөн тэтгэлэгт зориулсан тохиромжтой цаг хугацаа гэж хэнд ч  байхгүй 

Амьдрал угаас завгүй өдрүүдээр дүүрэн. Номыг зохиогч  Ариунзул маань тэтгэлэгт суралцах шийдвэрийг гаргасан тэр үе ч ажил ихтэй, завгүй амьдралынх нэг өдрүүдийн нэг байжээ. Учир нь, ажлын тайлангийн хажуугаар даргадаа учирлан байж  чөлөө авч, IELTS -ийн шалгалтад бэлдэхийн зэрэгцээ тухайн үед хүнд өвдсөн аавдаа, гэрийнхэндээ тус дэм болох хувийн, хувьсгалын ажил ихтэй олон өдрүүд тохиосон. Гэхдээ тэр шийдсэн, бас зорьсон учраас 2019 онд тэтгэлгийг хүртэж чадсан юм. 

Тиймээс бодол, үйлдэл хоёр таных учраас “Суралцана” гэж зориглоод үйлдэл хийгээрэй. 

Суралцана гэдэг амьдрах төлөвлөгөө

Чевенингийн тэтгэлэг нь магистрын түвшний нэг  жилийн хөтөлбөр билээ. Товчхондоо бол, Англид нэг жил амьдарна. Манайд маш хялбар байдаг банкны данс эзэмших, байр түрээслэх зэрэг нь Англид бол ялгаатай. Тиймээс энэ бүхнийг зохиогч хэрхэн даван туулсан тухай номд өгүүлнэ. Та өөрт хэрэгтэй чухал зөвлөмжүүдийг ном унших үедээ олж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн дипломын ажлаа бичих үедээ номыг ач холбогдлоор ялгаж, тэмдэглэж унших арга маш чухал санагдсаныг хэлье.

Сурснаа сайн сайхны төлөө зориулаарай

Тэтгэлэг хүртээд эх орондоо бүтээлчээр ажилладаг олон залуучуудын нэг бол Ариунзул билээ. Тэгш хамруулах боловсролын асуудлаар одоо ч тэр үргэлжлүүлэн ажиллаж, сурсан мэдсэнээ бусдын сайн сайхны төлөө зориулж байна. Бид сайхан нийгмийг бүтээхийн тулд суралцдаг гэдгийг санаарай. Ерөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх хамгийн сайхан шүү дээ. Иймээс та суралцахаар шийдсэн бол ирээдүйд юу хийхээ төлөвлөж ажил хэрэг болгоорой. 

Уншигч та  “Англид суралцсан тэмдэглэл” фэйсбүүк хуудсаар дамжуулан зохиогчтой холбогдох боломжтой шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.