Мөрөөдлийг санхүүжүүлэх нь

Мөрөөдлийг санхүүжүүлэх нь

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарсан нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих Жендэр бонд. ХААН Банкнаас гаргаж буй энэ бонд  Тогтвортой хөгжлийн 5-р буюу жендэрийн тэгш байдлыг хангах, 8-р буюу зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн идэвхтэй оролцоог хангах зорилготой аж. 

Барьцаа хөрөнгөгүй… ба бусад бэрхшээл… 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесүүдийн 70-80 орчим хувийг эмэгтэйчүүд удирддаг гэсэн тоо бий. Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харвал барагцаагаар 45,000–50,000 орчим аж ахуйн нэгж эмэгтэй эзэмшигчтэй болж таарч байна. Гэсэн ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь жижиг дунд болон бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг тул зах зээлд өрсөлдөхүйц томоохон компани болж өсөхөд барьцаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн хомсдол, ажил амьдралын тэнцвэрийн сорилт, мэдээлэл, сүлжээний хүртээмжгүй байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсаар байна.

Эдгээр асуудлаас хамгийн тулгамдаж буй нь санхүүжилтийн хүртээмж. 

2021 онд Азийн сангаас хийсэн “Монголын бичил болон жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” судалгаанд оролцсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 53 хувь нь барьцаа хөрөнгөгүй, 42 хувь нь зээлээ хамаатан, найз нөхдийн нэр дээр авдаг тухай дурджээ. Асуудлын гол нь эмэгтэйчүүдийн хөрөнгө эзэмших эрх хязгаарлагдмал, хөрөнгийг эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэн өвлүүлэх хандлага түгээмэл байдагтай холбоотой. Тухайлбал, 2013 онд хот, хөдөөгийн 800 өрхийг хамруулсан үнэлгээгээр газрын зөвхөн 27.2 хувийг эмэгтэйчүүд өмчилж байгааг Монголын эмэгтэйчүүдийн сан тогтоосон байдаг. 

ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгараад байдаг асуудлуудын нэг нь санхүүжилтийн хүртээмж. Тухайлбал, зээл авахад барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, жижиг, дунд бизнес түлхүү эрхэлдэг учраас зээлийн хүү өндөр тусдаг талтай. Тэгэхээр санхүүжилтийг илүү хүртээмжтэй болгосноор эмэгтэйчүүд бизнесээ тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулахад нь бид хөшүүрэг болж байна гэсэн үг” гэлээ. 

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ 

Жендэрийн мэдрэмжтэй буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 30 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт татах, 36 сарын хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 300,000 ширхэг Жендэр бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна. Энэ бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “ХаанЛекс Партнерс” ХХН, санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК тус тус хамтран ажиллаж байгаа аж. 


Бүгдэд хамаатай буюу “Grameen-style”-ын жишээ 

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих нь зөвхөн хүйсийн тэгш байдлыг хангах бус, эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулах хүчирхэг хэрэгсэл. Эмэгтэйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдийн орлого ихэвчлэн гэр бүл, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд чиглэж, нийгмийн тогтвортой хөгжилд шууд нөлөө үзүүлдгийг олон судалгаа харуулна. Мөн эмэгтэйчүүд жижиг эхлэл, хязгаарлагдмал нөөцөөр тогтвортой, бүтээлч бизнес хөгжүүлж, өндөр хариуцлага, эргэн төлөлттэй ажилладаг нь санхүүгийн зах зээлд итгэлцэл бий болгодог аж. 

“Ерөөс бизнест, эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхэд үүнийг дагаад ДНБ өсөхөөс гадна нийгмийн хариуцлага ч дээшилж байдаг. Гэр бүлийн ээж орлоготой, санхүүгийн хувьд хүчирхэг болно гэдэг үр хүүхдийнх нь боловсрол, эрүүл мэнд, хүмүүжилд ч том нөлөө үзүүлэх хүчин зүйл. Нөгөө талаас, эмэгтэйчүүд маань хамгийн хариуцлагатай зээлдэгч байдаг. Зээлийн чанарыг хэмждэг хамгийн чухал үзүүлэлт болох хугацаа хэтрэлт гэхэд эмэгтэй зээлдэгчдийнх 1.5-2 хувь байдаг. Гэтэл хугацаа хэтрэлтийн дундаж үзүүлэлт 4.3 хувьтай байгаа” хэмээн Р.Мөнхтуяа захирал тайлбарлав. 

Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах, санхүүгийн хүртээмжтэй хөшүүргийг бий болгох нь эдийн засагт, нийгэмд ч чухал нөлөө үзүүлдгийн нэг жишээ нь өдгөө дэлхийн 100 гаруй оронд хэрэгжүүлж, “Grameen-style” хэмээн нэрлэгдсэн бичил зээлийн загвар юм. 

Эдийн засагч, Нобелийн шагналт профессор Мухаммад Юнусын санаачилгаар Бангладеш Улсад эхлүүлсэн уг төслийн зорилго нь зээл, санхүүжилт авах шаардлага хангаагүй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийг жижиг зээлээр дэмжихэд чиглэж байв. Итгэлцэл дээр суурилсан бичил зээлийг эмэгтэйчүүдэд олгож эхэлснээр олон сая эмэгтэй бизнес эрхэлж, санхүүгийн хувьд биеэ дааж чадсан аж. “Grameen” банкнаас зээл авсан эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь өрх толгойлох чадвартай болж, дөрвөн сая гаруй нь жижиг бизнес эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэн, 60 хувь нь бизнесээ албан ёсны болгож татвар төлөгч болсон бөгөөд үүний үр дүнд гэр бүлийн хүүхдүүдийн 80 хувь нь сургуульд хамрагдаж, боловсролын түвшинд ч эерэг өөрчлөлт гарсан үзүүлэлт бий. 


 

 





 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.